
Индонезийн Суматра арал дээр аж төрдөг, амьтны ховор төрөл зүйлд тооцогддог Тапанулийн орангутан сармагчны тоо толгой өнгөрсөн 11-р сард үргэлжилсэн аадар бороо, хөрсний нуралтын улмаас 7 хувиар цөөрчээ. Тодруулбал, дэлхий дээр үлдсэн 800 Тапанулийн орангутан сармагчны 58 нь Хойд Суматра арал дээр 4 өдрийн дотор орсон 1000 гаруй мм хур тунадасны улмаас устаж үгүй болжээ.
Тапанулийн орангутан сармагчдын амьдардаг Батанг Тору экосистемийн тэнцвэрт байдал өнгөрсөн 11-р сард Зүүн Өмнөд Азийн орнуудыг дайрч өнгөрсөн “Сеньяр” халуун орны хар салхины нөлөөнөөс гадна уул уурхай, дал модны тариалан, усан цахилгаан станцуудын бүтээн байгуулалт зэргээс болж алдагдаж буйг судлаачид тогтоожээ.
Хиймэл дагуулаас авсан зургуудаас 11 сард орсон үргэлжилсэн аадар бороо, хөрсний нуралтад Батанг Тору экосистемд харьяалагдах бүс нутгийн 8300 га талбай газар өртсөн болохыг эрдэмтэд тогтоож, хүний үйл ажиллагаатай холбоотой уур амьсгалын өөрчлөлт нь аадар борооны хүчийг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлж байгааг онцолжээ.
Эрдэмтэд өмнө нь хийсэн судалгаагаараа Тапанулийн орангутан сармагчны тоо толгой жилд дунджаар 1 хувиар цөөрөх нь тус төрөл зүйлийг устаж үгүй болоход хүргэнэ гэсэн дүгнэлтэд хүрч байсан учир Индонезийн засгийн газар Батанг Тору бүс нутаг дахь аж үйлдвэрийн ажлуудыг зогсоож, эрдэмтдэд Тапанулийн орангутан сармагчнуудын тоо толгойг хамгаалах урт хугацааны төлөвлөгөө гаргахыг үүрэг болгожээ.
Borneo Futures, World Weather Attribution байгууллага болон Жон Мурсийн нэрэмжит Ливерпүүлийн их сургуулийн судлаачдаас бүрдэх баг Индонезийн засгийн газарт Тапанулийн орангутан сармагчнуудын амьдрах нөхцөлийг доройтуулахад хүргэх бүх үйл ажиллагаануудыг хориглох, үлдсэн тоо толгойг нь хамгаалж үлдэхийн тулд тусгай хамгаалалтад авсан газраа өргөжүүлэхийг зөвлөжээ.








