
Дутуу нярай хүүхдэд таарах хувцас олддоггүй асуудлаас эхэлсэн нэгэн ээжийн санаа өдгөө өсвөр насны хүүхдүүдэд ур чадвар эзэмшүүлэх урлан болон өргөжжээ. Бид энэ удаа 23 настай, нэг хүүгийн ээж Г.Мөнхчимэгтэй ярилцлаа.
Түүний хувьд энэ урланг нээх болсон шалтгаан бол хүү нь 900 гаруй грамм жинтэй дутуу төрж, долоон сарын турш эмнэлгээр тасралтгүй явсан нь түүнийг илүү тэсвэртэй, зоригтой ээж болоход хүргэсэн байна. Тухайн үед дутуу нярайд таарах хувцас олддоггүй байсан тул тэрбээр хүүдээ буруу энгэртэй баривч оёж өгснөөр энэ бүхний эхлэл тавигджээ.
Улмаар бусад ижил нөхцөлд байгаа хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүн хийх санаа төрж, бизнесээ эхлүүлэхээр шийдсэн бол одоо хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, зуны амралтаараа сонирхож буй зүйлээ хөгжүүлэх боломж олгохыг эрмэлзэж буй.
Түүний анхны бүтээлүүдийн нэг нь аавдаа хийж өгсөн монгол цамц байжээ. Тухайн цамцны захыг буруу эсгэж, бараг 60 см урт болгосон ч аав нь “Миний охин мундаг.” хэмээн урам өгч байсан нь түүний амжилтын эхлэл болсон гэж тэр дурссан юм.

Харин хамгийн анхны орлого нь 2018 онд хамаатны эгчдээ дээл хийж өгснөөс эхэлжээ. Тухайн үед бүтэн сарын турш урласан дээлийнхээ хөлсөнд 60 мянган төгрөг авч, “Үрээд ч дуусахгүй санагдаж байсан.” тэр мөнгийг хамгийн үнэ цэнтэй цалин гэж үздэг юм. Харин одоо бол нэг өдрийн дотор дээл хийж дуусгах чадвартай болсон байна.
Г.Мөнхчимэгийн үзэж буйгаар хүн бүр төрөлхөөсөө авьяастай төрдөггүй харин сонирхол нь тухайн хүнийг хөгжүүлэх хамгийн чухал хүчин зүйл болдог.
Тэрбээр багаасаа урлан нээхийг мөрөөддөг байсан бөгөөд олон удаа нээж, хааж явсаар өнөөдрийн урлангаа бий болгосон байна. Энэ хугацаанд ээж, аав, хамаатан садан нь үргэлж дэмжиж ирсэн гэдгийг ч мөн хэлж байлаа. “Олон хүн чи дахиад л эхэлж байна уу? гэж асуудаг. Би тийм ээ, дахиад л эхэлж байна гэдэг. Угаасаа надад үүнээс илүү сайн хийж чадах зүйл байхгүй учраас чаддаг зүйлээ л тултал нь хийнэ.” хэмээн тэр хэлсэн юм.
“Зүгээр бодоод, мөрөөдөөд өнгөрмөөргүй байсан. Бодоод л байвал нас, зорилго, мөрөөдөл маань намайг орхиод явах юм шиг санагдсан учраас байгаа бүх зүйлээ зориулан бизнесээ эхлүүлж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард урлангаа нээхээр төлөвлөж байсан ч аав маань санамсаргүйгээр гурван давхраас унаж бэртсэний улмаас нээлтээ хойшлуулжээ.
“Аавыгаа унаад бэртсэн гэж сонсоод гэмтэл рүү явах зам хорвоо байхгүй болчихсон юм шиг санагдсан.” хэмээн тэр нулимс дуслуулан ярьсан юм.
Түүний урлан нь оёдол, эсгүүрт суурилсан мэдлэг олгох зорилготой ч хүүхдүүдийг нэг хэвэнд барихгүй, сонирхлоороо хар зураг зурж, бүтээлчээр хөгжих боломжийг давхар олгодог. Сургалтаа төгссөн суралцагчид боолт, баривч, цүнх, өөрсдийн хийсэн хувцастай төгсөх боломжтой.
Тус урлангийн элсэлт энэ сарын 15-наас эхлэхээр болсон байна. Нэг ангид 6-8 хүүхэд суралцах бөгөөд өдөрт дөрвөн цагийн хичээлээс суралцагчид өөрсдөө сонгон, долоо хоногт хоёр удаа хичээллэх боломжтой бол хүүхдүүд тус урланг төгсөхдөө батламж гардаж авах бөгөөд идэвх санаачилгатай суралцагчдад дунд болон ахисан шатны сургалтад үргэлжлүүлэн хамрагдах боломж олгох юм байна.









