
Пентагон Хятадын Alibaba, BYD, Baidu зэрэг томоохон компаниудыг Хятадын зэвсэгт хүчний компаниудын жагсаалтад оруулжээ.
Энэ жилийн жагсаалтад Вашингтон Хятадын төрийн өмчит бус, батлан хамгаалахын болон аюулгүй байдлын салбарт үйл ажиллагаа явуулдаггүй хувийн хэвшлийн компаниудыг багтаасан нь АНУ-ын эрх баригчид Бээжин хувийн хэвшлийн компаниудын хүчин чадлыг зэвсэгт хүчний зорилгоор ашиглах нь нэмэгдэж байна гэж үзсэнтэй холбоотой аж.
Өнгөрсөн оны жагсаалтыг гаргахдаа Пентагон Хятадын зэвсэгт хүчнийхэн Хятадын хувийн хэвшлийн компаниуд, их дээд сургуулиудын болон судлаачдын бүтээсэн тэргүүлэх зэргийн технологийг салбартаа ашиглахыг зорьж байгааг онцолж байсан билээ.
Цахим худалдааны томоохон платформуудыг эзэмшдэг Alibaba компани Хятадын зэвсэгт хүчинтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн бол Хятадын хайлтын Baidu системийг ажиллуулдаг компанийн зүгээс Америкийн эрх баригчдад компанийг нь уг жагсаалтад оруулах ямар ч үндэслэл байхгүй хэмээн мэдэгджээ.
Дээрх компаниудын хамт энэ удаагийн жагсаалтад NBC сувгийн “America’s Got Talent” шоунд хүн дүрст роботуудынхаа бүжгээр шүүгчдийг гайхшируулсан Хятадын роботын технологийн Unitree компани багтжээ. Пентагоны судалгаагаар тус компани Хятадын засгийн газраас санхүүжилт авсан аж.
Өнгөрсөн оны жагсаалтад Пентагон Хятадын 130 орчим компанийг оруулж байсан бол энэ удаагийн жагсаалтад нэмж 188 компанийг оруулжээ. Хятадын зэвсэгт хүчинтэй холбоотой компаниудын жагсаалтад орсон компаниуд нь АНУ-д үйл ажиллагаагаа явуулж болох ч Хятадын зэвсэгт хүчинтэй хамтарч ажилладаг гэсэн нэр зүүж, зарим нэг хязгаарлалттай тулгарах аж.
Эх сурвалж: The Guardian








