
15 настай хүү бие муутай ээжийнхээ эм, тарианд дэм болохоор барилгын ажил хийж яваад хананд дарагдаж нас барсан харамсалтай хэрэг 2026.05.19-нд гарсан юм. Талийгаачийн ар гэрийнхэн насанд хүрээгүй хүүхдүүдийг аюултай хөдөлмөр эрхлүүлэх асуудалд төр, засгийн түвшинд анхаарал хандуулахыг хүсэж байгаагаа илэрхийлж, өчигдөр Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлсэн билээ.
Энэ үеэр талийгаачийн нагац эгч А.Балжид “Дүүг маань барилгын ажилд зуучилсан “Samushil” болон ажиллуулсан “Кимбаб Чонгүг” хоолны газарт гомдолтой байна. Аль, аль нь хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөөгүй. Насанд хүрээгүй хүүхдийг гаднах өнгө үзэмжээр нь дүгнээд, хүнд хүчир ажилд явуулсанд гомдолтой байна. Барилгын хог цэвэрлүүлнэ гэчхээд барилгын хана нураалгаж болдог юм уу. Хүний хүүхэд алж хаячхаад “Өмнө нь ийм хэрэг зөндөө болж байсан…” гээд юу ч болоогүй юм шиг ярьж байна” хэмээлээ.
Хөдөлмөрийн тухай хуулиар дараах зүйлсийг хориглодог
- Насанд хүрээгүй хүнийг ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулахыг хориглоно.
- Насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй байна.
- Насанд хүрээгүй ажилтныг шөнийн цагаар ажиллуулахыг хориглоно.
- Насанд хүрээгүй ажилтныг илүү цагаар ажиллуулахыг хориглоно.
- Насанд хүрээгүй хүнийг уртын ээлжээр ажиллуулахыг хориглоно.
Насанд хүрээгүй хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад барилгын ажил багтдагийг та мэдэх үү?
Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар тушаалд насанд хүрээгүй хүн дараах барилгын ажлыг хийхийг хориглоно гэж заажээ. Мөн дараах ажлуудыг насанд хүрээгүй буюу 18 нас хүрээгүй хүүхдээр хийлгэхийг хориглосон байгаа юм.
Танилц: Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрууд
Хөдөө ахуйн үйлдвэрлэл
- тариалах, газар хагалах, ургац хураах ажлыг механикжсан өөрөө явагч тоног төхөөрөмжөөр гүйцэтгэх
- химийн бордоо, пестицит ашиглах, химийн хорт болон аюулт бодис, тэдгээртэй харьцах бүх төрлийн ажил
- мод мөчирлөх, талбайгаас жимс хураах
Мал аж ахуйн үйлдвэрлэл
- том хэмжээний хязгаарлагдмал орчинд ажиллах (амбаар, пин, малын тэжээлийн талбай гэх мэт)
- амьтан сургах, эмнэг сургах
- өвчтэй эсхүл үхсэн мал, амьтантай харьцах
- мал үржүүлэг, хөнгөлөх, мал хээлтүүлгийн ажил
- мал нядлах, мал нядлахад бэлтгэх ажил
- өвс хадах, боох
- мал эмнэлгийн төрөл бүрийн ажил үйлчилгээ
- техник, тоног төхөөрөмжтэй ажиллах
- зөгий үржүүлэгч
- шувуун аж ахуйн ажилтан
- Цаг уурын тохиромжгүй, онц аюултай үзэгдэл бүхий нөхцөлд мал хариулах, оторлох, тууварлах
Ан агнуур
- буу зэвсэг ашиглах
- галт зэвсэг, сум хадгалах, зөөвөрлөх
- насанд хүрсэн анчинд тусалж тор, урхи тавих, өгөөш бэлтгэх
- Хортон шавьж устгагч
- Сүхээр мод мөчирлөгч
Ойн бүх төрлийн үйл ажиллагаа
- цахилгаан хөрөөгөөр мод бэлтгэх
- мод, мөчир тээвэрлэх, зөөх
- мод боловсруулах үйлдвэрт ажиллах
- ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх, ойн дагалт баялаг бэлтгэх үйл ажиллагаа
Загас агнуур
- гүн усанд загас агнуур хийх
- загас спорт агнуурын хөтөч, туслах
- завь засах, цэвэрлэх
- завь, усан онгоцны хөдөлгүүр, ус нэвтрүүлдэггүй хэсэг зэрэг хязгаарлагдмал орчинд ажиллах
Уул уурхай, олборлолт
- нүүрс, эрдэс, төмөрлөгийн хүдэр, уран, алт болон үнэт металл олборлох гүний уурхай
- нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн гадаргаас олборлох
- чулуу, элс, давс малтах, олборлох
- олборлосон уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх
- газрын тос, байгалийн хий, түүхий тос олборлох
- бүх төрлийн үнэт металл гар аргаар олборлох үйл ажиллагаа
Барилга
- барилга буулгах, нураах бүх төрлийн үйл ажиллагаа
- барилга барих, засварлах
- цахилгааны ажил
- өнгөлөх, зүлгэх багаж хэрэгсэл ашиглах ажил
- Өрлөг
- чулуун хавтан зүсэх, бутлах
- цемент зуурах, холих, өнгөлөх
- гагнах, давтах, металл боловсруулах
- барилгын материал тээвэрлэх
- дээвэрлэх
- будагчин, барилгын бүтээц цэвэрлэгч, түүнтэй адилтгах бусад ажил
- барилга угсрах үйлдвэрт зуурмаг бэлтгэх, үйлдвэрлэлийн бус орчинд цемент задгайгаар савлах ажил
Боловсруулах үйлдвэрлэл
- 20 ба түүнээс дээш ажилтантай үйлдвэрийн дамжлагын ажил
- тоосго цохих
- арьс, шир идээлэх, хатаах
- тамхины үйлдвэрлэл
- архи, пиво, ундааны үйлдвэрлэл
- резинэн болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох засвар, үйлчилгээ
- бүх төрлийн суурилагдсан болон механикжсан тоног төхөөрөмжүүд, технологийн зориулалттай болон ердийн машин механизмууд, байнгын гар ажиллагаатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийн дамжлагын бүх төрлийн ажил:
- Нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл
- арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- цаас болон цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- хэвлэх, дуу бичлэгийн хувилах, дахин үйлдвэрлэх үйл ажиллагаа
- кокс болон газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- хими, химийн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- эм, эм бэлдмэл, химийн болон ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл
- металл үйлдвэрлэл
- машин, тоног төхөөрөмжөөс бусад металл бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- компьютер, электроник болон хараа зүйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
- дээрх дэд салбарт ороогүй бусад машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
- моторт авто тээврийн хэрэгсэл, чиргүүл, хагас чиргүүл үйлдвэрлэл
- тээврийн хэрэгслийн бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэл
- машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох засвар, үйлчилгээ
Ус хангамж, хог хаягдлын менежменттэй холбоотой үйл ажиллагаа
- хот доторх хог хаягдал цуглуулах
- хог хаягдал цуглуулах, боловсруулах, ангилах, цэвэрлэх, дахин боловсруулах
- хог хаягдал шатаах, булшлах, устгах үйл ажиллагаа
- бохир ус хуримтлуулах, цэвэрлэх, ариутгах
- өрх, ахуйн хэрэглээний ус тээвэрлэх
Гэр ахуйн болон эрүүл мэндийн сувилгаа, үйлчилгээ
- асрах газар, эмнэлэг зэрэгт өвчтөнтэй шууд харилцах ажил
- гэрт нь байрлах гэрийн үйлчилгээний ажилтан, үйлчлэгч, хүүхэд асрагч
- массаж болон түүнтэй адилтгах хувь хүнд үзүүлэх бусад үйлчилгээ /бэлгийн мөлжлөгт өртөх магадлалтай/
Цэвэрлэгээ үйлчилгээ
- хими цэвэрлэгээ
- эмнэлгийн цэвэрлэгээ
- үйлдвэрлэлийн байгууламжийн цэвэрлэгээ (гал, дэлбэрэлт, хорт бодис асгарсан)
- барилгын талбайн цэвэрлэгээ
- шарил хадгалах, оршуулгын газар
Борлуулалт, худалдаа
- бөөний худалдааны үйл ажиллагаа
- гудамжинд бараа худалдаалах
- гуйлга гуйх
- авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажил
- цэнэглэгч хий болон шингэн, хийн түлшний худалдаа, үйлчилгээ
- шатах, тослох материал түгээх ажил
- ачаа өргөж зөөх, буулгах ажил
- зах дээр тэрэг түрэх
Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа
- тээврийн туслах үйл ажиллагаа
- төмөр замын ачиж буулгах ажил
- нийтийн тээврийн хэрэгслийн кондуктор
Энтертаймэнт
- мэргэжлийн морин уралдаан
- жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах
- порнографийн болон биеэр үзүүлэх мэргэжлийн урлагийн үзүүлбэрт ашиглах
- зочид буудал, дэн буудлын бүх төрлийн ажил
- тайчих үзүүлбэр, массажийн үйлчилгээ
- баар, цэнгээний газар, шөнийн клуб, сауны газарт ажиллах бүх төрлийн ажил
- нохой зодооны үзүүлбэр








