
Таны ахалж буй Оюу толгойн зээлийн хүүг бууруулж чадах ууМенежментийн төлбөрийг хоёр дахин бууруулаад л санаа амарчихаж байгаа юм биш биз, танай засгийн газар?
– Засгийн газраас 68, 67 дугаар захирамжийн ажлын хэсэг байгуулагдсан. Эхний ажлын хэсэг буюу Г.Дамдинням сайдаар ахлуулсан менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсэг хэлэлцээрээ хийгээд дуусан. Менежментийн төлбөрийг 50 хувь бууруулах хүрээнд Оюу толгойгоос 1.5 тэрбум долларын зардлыг бууруулсан үр дүнтэй.
Миний хувьд зээлийн хүүгийн ажлын хэсгийг ахалж байгаа. Оюу толгойн хэлэлцээрийн багтай 2 удаа уулзсан. Одоо бид саналаа солилцоод ажиллаж байна.
Нөхцөл байдал нэлээн хүнд, зээлийн хүүг бууруулах дээр хоёр талын байр суурь маш хатуу байна. Бид шийдэлд хүрнэ, хүрэхийн төлөө ажиллах ёстой. Үүний цаана Монгол Улсын эдийн засаг, ард түмний анхаарлын төвд байгаа асуудал. Энэ олон жил явж ирсэн хөрөнгө оруулалтын гэрээн дээр гарсан зарим зүйлсийг цааш нь залруулаад явах зорилгын дагуу ажиллаж байна.
Хэлэлцээр ямар нөхцөлд үргэлжилж байна вэ, зээлийн хүү буурах уу?
– Одоогийн байдлаар зээлийн хүүг тэд болгож бууруулна гэж хэлж чадахгүй. Хэлэлцээр дуусаагүй, шийдэлд хүрээгүй нөхцөл байдал нэлээн хүнд, хоёр тал нэлээн хатуу байр суурьтай байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар анх энэхүү ажлын хэсэгтэй уулзаж, Монголын талын тавьж буй санал олон улсын донор орнуудын өгч байгаа зээлийн хүү, хөвөгч хүү нэмэх олон улсын банк санхүүгийн ханш, зээлийн хүүтэй ойртуулна гэх хатуу шаардлагыг тавьсан. Энэ хэвээрээ байгаа.
Оюу толгойн зүгээс хөрөнгө оруулалт дээр ямар зээл авсан, яагаад зээлийн хүү ийм өндөр тогтоосон, ямар үндэслэлтэй авсан гэдгийг ажлын хэсэгт үндэслэлүүдээ гаргаж тайлбарласан. Хоёр талаас аргументуудаа гаргаад хэлэлцээд явж байна.
Танд ямар нэг дарамт, шахалт ирж байгаа юу?
– Засгийн газрын байгуулсан ажлын хэсгийн хүрээнд би тангараг өргөсөн төрийн албан хаагч шүү дээ. Надад ямар нэг дарамт шахалт, нөлөө байхгүй. Би тийм нөлөөнд автахгүй. Энэ ажлын хэлэлцээрийг ахлаад сар болж байна. Өмнөх ажлын хэсгээс гаргасан нэг том амжилттай зүйл бол, энэ асуудлыг шийдэж дуустлаа хэлэлцээрийн хугацааг сунгах байсан. Тэр нь 6 сарын 30 дотор дуусах ёстой. Энэ хугацаанд ажлыг дуусгахын тулд бид тал талаас нь шахаж байна.
Улсын Их Хурлаас сонсголын дагуу 120 дугаар тогтоолын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Б.Энхбаяр сайдаар ахлуулсан том ажлын хэсэг гарсан. Энд ялгаа байхгүй 120 дугаар тогтоолын хүрээнд 3 ажлын хэсэг гарсны нэгийг би ахалж байгаа. Одоо бид зөвхөн 67, 68 дугаар захирамжийн хүрээнд Засгийн газрын ажлын хэсгийн хүрээнд ажлаа явуулж байна.








