
Дуучин Ариана Гранде, Бродвейн жүжигчин Итан Слейтер нар бараг 3 жил үргэлжилсэн харилцаандаа цэг тавьж, албан ёсоор салсан болохыг АНУ-ын хэвлэлүүд баталлаа. Тэд хэдхэн сарын өмнө чимээгүйхэн салсан бөгөөд одоо найз нөхдийн харилцаатай үлдсэн байна.
Ариана Гранде нь 1993 оны 6 сарын 26нд Америкийн Нэгдсэн Улсын Флорида мужийн Бока Ратон хотод төрсөн. Өдгөө 32 настай.
Анх 2023 оны 7-р сард “Wicked” мюзикл кинонд Ариана Глиндагийн дүрд, Итан Бокын дүрд ажиллаж байхдаа танилцаж дараа нь болзож эхэлсэн.


Гэвч тэдний харилцаа маш том дуулиан дагуулсан юм. Учир нь тухайн үед хоёулаа гэр бүлтэй байсан бөгөөд Ариана нөхөр Далтон Гомесоос, Итан ахлах сургуулиасаа үерхэж, дөнгөж хүүхэдтэй болоод байсан эхнэр Лилли Жэйгээсээ салах өргөдлөө зэрэг шахуу гаргаж байв.
Итаны хуучин эхнэр Лилли Жэй хэвлэлд өгсөн ярилцлагадаа Арианаг “бусдын гэр бүлийг боддоггүй эмэгтэй” хэмээн шүүмжилж, тэднийг араар тавилтаас үүдэж харилцаагаа эхлүүлсэн гэх шуугианд ч өртсөн.
Олон нийтийн шүүмжлэлээс шалтгаалж тэд харилцаагаа маш их нууцалж “Wicked” киноны нээлтийн улаан хивсний ёслолууд дээр ч хос гэж хамт зургаа авахуулахаас татгалзаж байлаа.
2024 онд болсон “Wicked” киноны нээлтийн үеэр Ариана Итаны тухай хэлэхдээ “Тэр бол гайхалтай хүн, хүмүүс түүнийг таньж мэдэж байгаад миний зүрх сэтгэл маш их баяртай байна” гэж хэлээд, хосууд хамгийн сүүлд 2025 оны 11-р сард Нью-Йорк хотод болсон “Wicked: For Good” киноны нээлтийн үеэр хамтдаа зургаа авахуулжээ.


Мөн түүний шинээр гаргах гэж буй “Petal” альбом нь Итанаас салсантай ямар ч холбоогүй, хувийн хөгжлийн тухай гэдгийг түүний менежментээс мэдээллээ.
Тэгвэл Итан Слейтерийн хувьд Бродвейн театрын жүжигчний карьертаа анхаарч, хуучин эхнэртэйгээ хамтран хүүгээ өсгөхөд анхаарч байгаа аж.
Эх сурвалж: Entertainmenttonight Б.Уранзаяа














