
Хотын дарга хамгийн эхний салбарын уулзалтаа бизнес эрхлэгчдээсээ эхэлж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 76 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь Улаанбаатар хотод төвлөрч, улсын хэмжээнд ДНБ-ний 70 хувийг бүрдүүлж байна. Тиймээс энэ уулзалтын гол зорилго нь шийдвэр гарсны дараа бус, шийдвэр гаргахаасаа өмнө сонсож, хамтдаа хэлэлцэж, салбарынхны санал хүсэлтийг бодлого, үйл ажиллагаандаа тусгах нь чухал гэж хотын дарга уулзалтын эхэнд онцоллоо. Хамгийн их хүндрэл чирэгдэл үүсгэдэг зөвшөөрлийн асуудал, хүндрэл учруулж буй төрийн үйлчилгээний олон шат дамжлага, хотын худалдан авалтад оролцоход учирч буй саад бэрхшээлийг хурдан хугацаанд шийдэх зохицуулалт нь төсөл хөтөлбөр хариуцсан зохицуулагчид байх юм байна. Тэднийг энэ долоо хоногт томилно гэж хотын дарга уулзалтын үеэр мэдэгдлээ. Энэ зохицуулагчдын нэг нь төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах хүнд суртлыг бууруулах процесийн дахин инженерчлэл хийх тусгай чиг үүргийн зохицуулагч ажиллах юм байна.
Улаанбаатар хот 2026 оныг “Бизнесийг дэмжих жил” болгон зарласан. Төрийн дарамтгүй, төр бизнестэй өрсөлддөггүй, төрийн үйлчилгээ хүнд сурталгүй, шуурхай байх чиглэлд үе шаттай ажил хэрэгжүүлэхээ хотын дарга Б.Пүрэвдагва онцоллоо. Уулзалтын үеэр ААН, бизнес эрхлэгчдийн дунд шүүмжлэл дагуулсаар ирсэн худалдан авалт, тендэрийн асуудал хөндөгдлөө. Хот жил бүр олон тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг. Энэ мөнгө цөөн хэдэн аж ахуйн нэгжүүдэд хаалттай очдог систем байх ёсгүйг хотын дарга мэдэгдээд үндэсний үйлдвэрлэгч, жижиг дунд бизнес, үйлчилгээ эрхлэгчдэд нээлттэй, ил тод, шударга байх чиглэлд анхаарч ажиллах үүргийн нийслэлийн харъя газар хэлтсийн дарга нарт өглөө.
















