
АН-ын бүлэг хариуцлага алдсан сайддаа улс төрийн хариуцлага тооцож чадахгүй байгаа бол Ерөнхий сайд Н.Учралд өөрт нь хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэв. Тэд одоогоос хоёр долоо хоногийн өмнө Д.Батлут сайддаа хариуцлага тооц гэсэн шаардлага хүргүүлсэн ч хариулт ирүүлээгүй тул АН-ынхан ийнхүү арга буюу дараагийн арга хэмжээндээ орлоо.
Хэрэв Н.Учрал огцорвол түүний кабинет бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. АН-ын бүлгээс О.Цогтгэрэлийн бланк дээр гарын үсэг хэдийн цуглуулж эхэлсэн гэдгийг Д.Ганбат тэргүүтэй гишүүд батлан хэлж байна.
Н.Учралын Засгийн газрыг хэр ажиллаж буй талаарх иргэдийн байр суурийг сонсоход “Нэг л учраа олохгүй байх шиг байна. Яг юу хийх гээд байгаа нь тодорхойгүй. Нэг зоригтойнхон шийдвэр гаргаад, ард түмнээ нэг эвтэйхэн амьдруулчхаж болдоггүй юм байх даа. Махны үнийг буулгана гэсэн ч буулгасангүй. Төр засаг тогтворгүй байна гэдэг ард иргэдийн амьдралд эергээр нөлөөлөхгүй нь тодорхой. Гэхдээ уг сууриараа зөв ажиллаж чадахгүй байгаа бол солихоос өөр арга байхгүй” хэмээн нэлээн бухимдангуй хариултууд өгч байлаа.
Одоо хуулиараа бол УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал УИХ хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэх учиртай. АН 42 гишүүнтэй. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах саналыг тэд дангаараа УИХ руу оруулж ирэх бүрэн боломжтой гэсэн үг. Хэрэв 64 гишүүн огцруулах саналыг нь дэмжиж кноп дарвал Н.Учралын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах эсэх санал УИХ руу орж ирээд 64 гишүүний дэмжлэг авч чадах нь эргэлзээтэй.
Учир нь:
Үндэсний эвсэл, ХҮН нам засагт хамтарч буй тул тус намын 12 гишүүн гарын үсэг зурахгүй байх магадлал тун өндөр. Гэхдээ намынхнаасаа өөр үзэл бодолтой гишүүн байгаад гарын үсэг зурахыг үгүйсгэхгүй. Харин Иргэний Зориг Ногоон нам засагт хамтраагүйдээ гомдол тээж яваа. Тэр утгаараа тус намын дөрвөн гишүүний хоёр нь Н.Учралын засагт хариуцлага тооцохыг дэмжиж гарын үсэг зурна. Нэг нь тун эргэлзээтэй. Харин үлдсэн нэг нь огт зурахгүй. Нөгөөтээгүүр МАН доторх цөөнхийн бүлэг буюу 30-ын талаас Н.Учралын Засгийн газарт таван хүн сайдаар ажиллаж буй. Тэр утгаараа С.Амарсайхан, Б.Алдаржавхлан, Ч.Номин, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир нар Ерөнхий сайдыгаа огцруулъя гэж гарын үсэг зурахгүй нь мэдээж.
Хэрэв Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх нарын эвлэрэл бодит бол 30-ын талаас Н.Учралыг огцруулъя гэж кноп дарах гишүүн олдохгүй л болов уу. Тэгэхээр АН-ынхан Н.Учралыг огцруулъя гэвч хуулийн тоондоо буюу 64 гишүүн дэмжихгүй нь.
Гэхдээ ийм их процесс өрнүүлэхгүй байх боломж Н.Учралд бий. Тодотгон хэлбэл, АН-ын эхний шаардлагыг хүлээн авч, ганц хоёр сайдаараа туг тахиад өөрөө үлдэх. Энэ долоо хоногт юмс хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.








