
Сүүлийн саруудад эрх баригчид инфляц саарч, үнийн өсөлт тогтворжиж эхэлсэн талаар удаа дараа мэдэгдэж байгаа. Түүнчлэн махны үнийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, нийслэлийн удирдлагын түвшинд хүртэл хариуцлагын асуудал яригдаж байсан ч зах худалдааны төвүүд дэх махны үнэ төдийлөн буурсангүй харин ч өссөн үзүүлэлттэй байна.
Өнөөдрийн байдлаар жижиглэн худалдаанд үхрийн ястай мах 33 мянган төгрөг, үхрийн цул мах 40 мянган төгрөгт хүрчээ. Худалдаачдын хэлж буйгаар бөөний болон жижиглэнгийн үнийн зөрүү нэмэгдэж, эцсийн хэрэглэгч өндөр үнээр худалдан авах нөхцөл хэвээр байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд махны үнийг бууруулах асуудал улс төрийн түвшинд хүртэл яригдаж, нийслэлийн удирдлагын хариуцлагын асуудал ч сөхөгдөж байсан. Үүнтэй холбоотойгоор зарим иргэдийн дунд удирдлагын өөрчлөлт гарснаар махны үнэ буурна гэсэн хүлээлт үүссэн ч өнөөдрийн байдлаар зах дээрх үнэ буураагүй төдийгүй өндөр хэвээр байна.
Бидний уулзсан нэгэн ахмад настан “Махны үнэ чинь бараг бидний наснаас ч давж гарлаа. Өмнө нь хэдэн килограмм мах аваад хөргөгчөө дүүргэдэг байсан бол одоо хэдэн зуун граммаар нь бодож авч байна” хэмээн ярьсан юм.
Иргэдийн ийнхүү мэдэрч буй нөхцөл байдал нь махны үнэ буурна гэсэн хүлээлт биелээгүйг харуулж байна. Зах худалдааны төвүүд дэх үнийн мэдээлэл ч үүнийг баталж буй юм.
Статистик мэдээллээс харахад жилийн өмнө үхрийн цул махны үнэ дунджаар 24-25 мянган төгрөг байсан бол өнөөдөр 40 мянган төгрөгт хүрч, нэг жилийн хугацаанд 50 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл үхрийн махны үнэ иргэдийн орлогоос хавьгүй хурдтай өсөж байгаа нь өрхийн төсөвт томоохон дарамт болж байна.
Засгийн газраас үнийн өсөлтийг сааруулах зорилгоор нөөцийн махыг килограмм тутмыг нь 18 мянган төгрөгөөр худалдаалж эхэлсэн. Гэвч иргэдийн зүгээс олдоц муу, зарим тохиолдолд чанарын асуудалтай гэх шүүмжлэл гарсаар байна. Мөн худалдаачдын хэлж буйгаар нөөцийн мах зарим цэг дээр богино хугацаанд зарагдаад дуусах, эсвэл тогтмол нийлүүлэлтгүй байх зэрэг асуудал үргэлжилж байгаа гэсэн юм.
Махны үнэ огцом өсөж байсан үеэ бодвол өсөлтийн хурд саарсан байж болох ч үнэ өөрөө буураагүй хэвээр байна. Энэ нь инфляц буурсан гэх статистик үзүүлэлт болон иргэдийн өдөр тутмын амьдрал дээр мэдэрч буй нөхцөл байдал хооронд зөрүү байгааг харуулж байна.
Ийнхүү хөргөгчөө дүүргэхийн тулд улам их мөнгө зарцуулах болсон нь айл өрхүүдийн өдөр тутмын амьдралд хамгийн тод мэдрэгдэж буй нуруун дээрх ачаа нь мах хэвээр байна.
Видео үзэх холбоос:








