
Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн мэдүүлээд буй билээ. Хэрэв тэдний хуулийн төсөл батлагдвал иргэн сонгуулиа өгөх гэж заавал орон нутаг руу зорьж, эдийн засгаараа хохирох шаардлагагүй болох юм. Байгаа газраасаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжийг энэ хууль нээж өгнө. Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан хүн энэ хуулийг оруулж ирж байгаа нь хэр зөв зүйтэй вэ гэдэг агуулга сөхөгдөж буй. Иймд бид хуулийн төслийг санаачлагч Д.Бум-Очироос цөөн асуултад хариулт авлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барь гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд шахалт үзүүлсэн үү?
-Би тэр инстиуцад харьяалагдаж байсан нь үнэн. Гэхдээ би одоо өөр инстиуцад харьяалагдаад гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд ажиллаж байгаа. Гишүүний бүрэн эрх хийгээд хувь хүний маань бүрэн эрхэд Ерөнхийлөгч болоод Ерөнхийлөгчийн тамгын газар хэзээ ч халдаж байгаагүй. Ямар нэгэн шахалт үзүүлж, юу ч захиалж байгаагүй. Гишүүний маань бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж байгаад нь би талархдаг.
Хоёрдугаарт энэ хуулийн өөрчлөлт одоогийн Ерөнхийлөгч, дараагийн Ерөнхийлөгчид ямар ч хамаагүй. Харин сонгогчдод хамаатай, Монголын ардчиллыг бэхжүүлэх зорилготой. Монголд 2.2 сая орчим сонгогч, сонгуулийн насны иргэн бий. Тэдний 10 орчим хувь буюу 240 орчим мянга нь сонгуулиа өгч чадахгүй байна. Энэ хуулийн өөрчлөлтийг ганц Д.Бум-Очир санаачилчихсан юм биш. Хилийн чанад дахь сонгуульдаа саналаа өгч чадахгүй байгаа иргэд хүсэлтээ ирүүлсэн юм. Дан ганц хилийн чанад дахь монголчууд биш сонгуулийн өдөр санал хураах байранд ажиллаад саналаа өгч чаддаггүй 46 мянган төрийн албан хаагч, шалгалтаа өгөөд орон нутаг руугаа явж амждаггүй 20 мянга орчим оюутан, хөдөө орон нутагт ээлжийн ажил эрхэлдэг 56 мянга орчим залуус сонгуулиа өгч чадахгүй байна. Миний санаачилсан энэ хуулийн өөрчлөлт хэрэв батлагдвал сонгуулиа өгөх гэж хүн учиргүй хол явах шаардлагагүй болно. Тодруулан хэлбэл, саналаа өгөх гэж машинаар, онгоцоор хол явахгүй, байгаа газраасаа л саналаа өгчихнө.
Ерөнхийлөгчийн сонгуулиас жилийн өмнө батлагдвал энэ хууль хэрэгжих боломжтой болно. Тэгэхээр энэ жилийн 6 сарын 15-наас өмнө энэ хууль батлагдвал ирэх оны сонгуулиар хэрэгжинэ гэсэн үг. Гэхдээ одоо АН бүлгийнхээ хурал дээр энэ хуулийн талаарх мэдээллийг сонсъё гээд завсарлага авчихсан байгаа.
-Та одоо Ерөнхийлөгчтэй ямар харилцаатай байгаа вэ?
-Би зөвлөхийг нь гурван жил хийсэн учраас тодорхой хэмжээний харилцаа холбоо байлгүй яахав. Гэхдээ өдөр тутмын улс төрийн харилцаа холбоо байхгүй.
-Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл УИХ-аар дэмжигдсэн. Одоо ажлын хэсэг байгуулагдаад, процесс цааш өрнөх учиртай. Та энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гэдэг агуулгыг би 200 хувь дэмжиж байгаа. Яагаад энэ хуулийг дэмжиж байгаа вэ гэдгээ хэлчихье. Монголын нийгэмд өнөөдөр соён гэгээрэл хэрэгтэй байна. Иргэд маань илүү ёс зүйтэй, бие биетэйгээ харьцахдаа хар, хур гээд байдаггүй, ах захаа мэддэг, хүүхдүүд нь эцэг эхээ хүндэлдэг, хүний үг сонсдог, янз бүрийн хараал ерөөл хэлээд байдаггүй баймаар сан. Сургуульд сураад учиргүй эрдэм номтой болох нь соён гэгээрүүлэх нэг л хувилбар. Харин өдөр тутам хүнд нөлөөлж байдаг хувилбар болох 126 гишүүн, төр нийгмийн зүтгэлтнүүд, жүжигчид, дуучид, тамирчид гээд олон нийтийн өмнө байдаг хүмүүс ёс зүй өндөртэй байх шаардлагатай байна. Энэ хүмүүс үг, үйлдлээрээ олон нийтэд буруу үлгэр дуурайлал үзүүлээд, бидний хүсээд байгаа соён гэгээрлийг үгүй хийгээд байна. Тийм учраас шууд болоод, шууд бус утгаараа 126 гишүүн хийгээд олон нийтийн өмнө байгаа бүх хүн монголчуудынхаа өмнө соён гэгээрүүлэх хэм хэмжээг тодорхой хэмжээнд барьж байх албан бус үүрэг хүлээж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй.
-Соён гэгээрлийг 126 гишүүнээсээ эхэлье л гээд байгаа юм байна шүү дээ?
-Ер нь бол тийм. Ард түмний төлөөлөл болж сонгогдчихоод үлгэр жишээ байх хэрэгтэй. Тэр хүн хэн байх нь тусдаа хэрэг. Гишүүн нь хараалын үг хэлээд, чуулгандаа суудаггүй юм чинь “Би яагаад хичээлдээ суух ёстой гэж” гэсэн ойлголтоор хүүхэд хүмүүжвэл яах юм бэ.







