
Дуу гурван жигүүтэй хэмээдэг билээ. Хүний сэтгэл зүрхэнд мөнхөд эгшиглэх дуун бүтээлийг яруу найрагчийн сэтгэл зүрхнээс урсан гарах шүлэг хөгжмийн зохиолчийн аялгуут ноотноос эгшиглэн урсах аялгуу дуучны донжтой сайхан хоолой гурав нийлж гэмээнэ зуунаас зуунд, мянганаас мянганд өртөөлөн аялгуулах дуу бүтдэг болов уу гэж зочинтойгоо ярилцаж суухдаа бодож суусан юм.
“Энгүй хурдан хос шарга аа
Их наадмын наадмын түрүү шарга аа
Эрдэнэчулууны унаган шарга аа
Эрсдэж хальсан хайран шарга аа” Наадам бүрийг “Хос шарга” дуугүйгээр төсөөлөхгүй байхын арга үгүй биз ээ.
Хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Хөгжмийн зохиолч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Н.Баасандорж уригдан оролцлоо.
-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу? Намайг Н.Баасандорж гэдэг. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумынд төрж, өссөн. Сумандаа найман жилийн боловсрол эзэмшээд тухайн үед багшийн их сургуулийн техникумд Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш мэргэжлээр 1994 онд төгсөөд нутагтаа очиж дөрвөн жил ажилсан. Найман хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь хүүхэд нь доороо зургаан дүүтэй.
-Таны хөгжим зохиох авьяас тань хаанаас өвлөгдөж ирсэн бэ?
-Аав маань ардын авьяас, урлагийн мэдрэмжтэй хүн байсан. Намайг долоон настай байхад уртын дуу зааж өгч тэмцээн уралдаанд оролцуулдаг байсан юм. “Ардын язгуур урлагийн наадам” болж тус наадамд Баянхонгор аймгаас ирж ололцон мөнгөн медаль авч байсан.
Мөн Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын сургуулийн дуу хөгжмийн багш Сономдэндэв багш маань янз бүрийн хөгжим зааж өгдөг байсан. Тэр багш маань урлагтай заяагаа холбох эхлэлийг тавьсан сайхан багш минь байсан даа.
Багшийн сургуулийг төгссөн хүмүүсийн ихэнх нь монголын томоохон хөгжмийн зохиолчид байдаг. Тэр олон эрдэм, мэдлэгтэй багш нараар хичээл заалгаж байсан хүмүүс дор хаяж дууны ая зохиохгүй байхын аргагүй хүмүүс болдог.
Намайг багшийн сургуульд өлгийдөн авч хөгжмийн цагаан толгой заасан багш маань Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж гэх багш маань намайг өлгийдөн авч багш минь болж байлаа. Тийм учраас багшийн сургуулийн хөгжмийн анги төгссөнөөс үүдэлтэй л юм даа.


-Би багшийн сургуульд байхдаа ая зохиож байгаагүй манай ангийнхан оюутан байх хугацаандаа ая зохиогоод л эхэлсэн л дээ. Одоогийн Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од тэргүүтэй олон сайхан хөгжмийн зохиолчид төрсөн дөө. Ингээд би сургуулиа төгсөөд Гурванбулаг сумандаа очоод дуу хөгжмийн багшаар ажиллаж эхэлсэн. Тэр үед чинь аймгийн боловсролын хэлтсээс томилолт өгдөг байлаа шүү дээ. Нэг өдөр нутгийнхан хөгжмийн боловсролтой хүн байна даа нутгийнхаа тухай дуу зохио гээд хүргэн ах маань “Цагаан шүхэртийн орон” гээд шүлэг өгсөн. Түүнийг нь харж байгаад ая хийсэн чинь гайгүй хөөрхөн ая болчихсон. Би ч өөрөө урам авч байгаа гэж жигтэйхэн л байлаа. Нээг их мундаг хөгжмийн зохиолч болчихсон аятай л Морин хуур наадамд дуугаараа оролцлоо доо. Дуу маань нэгдүгээр шатнаас хасагдсан ч Би ер нь ая зохиогоод явж болох юм байна гэсэн бодол төрж байсан.


-Надад санал болгосон шүлгийг уншиж үзээд надад төрсөн сэтгэгдлээс аялгуу төрдөг юм болов уу л гэж боддог. Ер нь надаас гарсан аялгуу ямар нэгэн зовлонгүй гарчхаад байдаг л даа. Зарим нэг надад таалагдахгүй шүлэгт мянга хүчлээд ая зохиогдохгүй үе байдаг. Зарим томоохон хөгжмийн зохиолчид шөнө унтаж байгаад босож ирээд төгөлдөр хууран дээрээ аялгуугаа зохиосон гэх мэт тохиолдлууд байдаг юм л даа. Уран бүтээлийн онгод янз бүрээр л ордог байх миний хувьд шүлгийг нь уншиж үзээд ямар сэтгэгдэл төрнө түүнээс л шалтгаална шүү дээ.


-“Хос шарга” дуугаа 2007 онд зохиож байлаа. Энэ дууны шүлгийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат яруу найрагч Д.Агваан ах маань бичиж байсан. 2007 оны хавар байхаа Д.Агваан ах над руу залгаад “Би ийм нэгэн шүлэг бичлээ чи нэг уншаад үзээч нэг газар уншиж үзсэн хүмүүст таалагдаад байна” гэж байна. Тэгээд л уншаад үзсэн шууд л ая ороод ирчихсэн. 2001 оны улсын баяр наадмыг үзэж байхад ах шарга нь түрүүлж байсан юм. Яг л тэр Монгол хүн морио үзээд сэтгэл догдолдог, хөөрдөг шүүдээ яг л тэр үеийн мэдрэмж төрж байсан юм. Ая нь бол удалгүй л төрчихсөн юм.
Аялгуугаа зохиож дуусаад шүлгийг нь бичсэн Д.Агваан ах руугаа залгаад сонсгосон чинь гоё болжээ л гэж байна. За одоо дуугаа хэнээр дуулуулах уу гэсэн чинь надад бол өөрөө дуулья гэсэн бодол ерөөсөө орж ирээгүй юм. Тэр үед ч сүртэй дуулаад байдаггүй л байлаа. Тэгсэн танай ангийн Л.Банзрагчаар дуулуулъя л гэж байна. Л.Банзрагч руугаа яриад “Би ийм нэгэн дуу хийлээ чи дуулах уу” гэсэн чинь “Тэгье Э.Эрдэнэчулуун уяачтай ойр байдаг шүү дээ” л гэж байна. Тэгж хэлсний дараа бодоод л байсан чинь өөрөө дуулчихмаар санагдаад болж өгдөггүй. Л.Банзрагч руугаа эргээд л ярилаа би ер нь өөрөө дууллаа гэсэн чинь “Эзэн нь юм аа мэдэж эрэг нь усаа хашдаг шүү дээ” л гэлээ.
Ингээд дуу маань ч бэлэн боллоо тухайн үед наадам дөхсөн байсан байх. Дууныхаа клипыг хийх болоод Д.Агваан ахтайгаа ярьж байгаад Э.Эрдэнэчулуун уяачийн уяан дээр нь яваад л очлоо зураг, хөргөө ч авлаа наадам дөхсөн учир клипээ долоон сарын найман хавьцаа цацсан морь үзээд сууж байтал шарга азарга маань түрүүлсэн дээ.
-Таны хувьд олон ээж, аавын дууны ая зохиосон шүү дээ. Ээж аавынхаа тухай дурсан ярихгүй юу?
-Тухайн үед чинь АН-2 онгоц явдаг байлаа шүү дээ аав маань онгоц буудлын холбоочин хийдэг байсан юм. Аав маань ардын авьяастай говьд ургадаг зэгсийг тайрч аваад зэгсэн бишгүүр хийж тоглодог ардын хөгжмийн зэмсгийг өөрөө урлаад тоглодог тийм л авьяастай хүн байсан даа. Ээж маань цэцэрлэгт ажилладаг хүн байсан. Ээжийн удамд дуулдаг хүмүүс их байсан. Тийм л авьяастай, удамтай хүмүүсийн дундаас би гарч дээ. Ээж, аав маань дөлгөөхөн сумандаа нэр хүндтэй сайхан хүмүүс байсан.


-Энэ дуугаа 2000 онд зохиож байлаа. Тухайн дууны шүлгийг бичиж байсан Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Мөнхтөр ахтай танилцаж тухайн үеийн бичгийн машинаар цохисон нэлээн удсан байж магадгүй цаасан дээр буулгасан шүлэг байсан юм. Би ч тэр шүлгийг уншиж үзсэн нэг л сэтгэлд бууж өгөхгүй байсан л даа. Л.Мөнхтөр ах надад хэлэхдээ завханы С.Батсүхээр дуулуулна гэж бодож ая хийгээрэй гэж нэг ёсны даалгавар өгч байна шүү дээ. С.Батсүх гавьяатын хоолойн цар хүрээ, дуулах арга барилыг нь мэдэхгүй болохоор дотроо баярлаж байгаа ч энэ том хүнд таарах ямар ая зохиох вэ гэж бодож явсаар бүтэн нэг жил ая зохиож чадалгүй явсан. Оюутны өвлийн амралтаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Уужим” гэдэг нэртэй лоунжд сар гарангын хугацаанд ажиллаж байтал нэг орой Л.Мөнхтөр ах утасдаж байна. “За нөгөө ая маань төрж байна уу? Болохгүй бол шүлгээ авъя даа” л гэж байна. “Би уул нь аяаа зохиосон юм аа. Хотод ноот байгаа болохоор санахгүй байна. Та нэг бадаг шүлгийг нь дуудаад өгөөч” гээд сонссон чинь ая нь ороод ирсэн. Тэр дор нь суугаад ноотолсон юм даа. Ажил дуусаж хотод ирээд Л.Мөнхтөр ахад дуугаа сонсгохоор очлоо. Монголын радиогийн том стүдид сонсоно гээд л яваад орлоо тэнд дандаа томоохон яруу найрагчид сууж байна. Миний дотор сандарч байгаа гэж жигтэйхэн л байлаа. Ингээд би ч дууллаа тэгсэн тэндээсээ С.Батсүх гавьяатынд очлоо. Гэрт нь байсан төгөлдөр хууран дээр тоглоод дуулаад үзүүлсэн чинь С.Батсүх ахад таалагдаж дуулахаар болоод авсан юм.
Нөгөөдөр нь билүү дээ Л.Мөнхтөр ах надад 25 мянган төгрөг өгөөд дууны найруулгаа хийлээрэй гээд өгсөн юм. Дууны найруулга ч бэлэн боллоо С.Батсүх ахад ч дууны найруулгаа ч өгсөн гэтэл дуугаа цацалгүй гурван жил болсон юм. Тэр хугацаанд Л.Мөнхтөр ах над руу утасдаж асуудаг, би С.Батсүх ахаас асуудаг ингэж явсаар байтал 2003 онд цацаж эхлээд л хит болсон дуу даа.
Надад хөгжмийн найруулга нь байсан болохоор оюутан хүн байна даа энд тэнд дуулаад л явдаг байсан. Тэгэхэд олон хүн надаас “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” дуугаа өгөөч гэж асуудаг байсан.


-Энэ дууны шүлгийг УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир зохиосон. Урд нь М.Хатанбаатар хөгжмийн зохиолч ая зохиогоод Ардын жүжигчин С.Жавхлан дуулаад олны хүртээл болгосон байсан. Шүлэг нь надад таалагдаад болж өгдөггүй. Л.Элдэв-Очир ахаас би ээждээ зориулаад ая хийгээд дуулмаар байна гээд л асуусан зөвшөөрсөн л дөө. Тэгээд л энэ аялгуу төрсөн юм. Би аялгуугаа зохиохдоо яг ээжийгээ бодож байгаад л зохиож байсан. Ээж маань үргэлж л хүүгээ яаж байна гээд үргэлж л санаа зовж байдаг ээж болгон л тийм байдаг шүү дээ. Ээж маань хүүхдүүдээ загнаж үзээгүй хүн байхгүй юу. Ээжийг амьд ахуйд нь дуулаад түмэнд хүргэсэндээ одоо ч баярлаж явдаг. Миний дуулсан хувилбар нь хүмүүст нээг их хүрэхгүй байсан юм чинийхээс илүү С.Жавхлангийн дуулсан нь гоё юм байна шүү дээ гэх мэт…
Сая намар Э.Очирсайхан, Ж.Цэрэнпагам дүү нартайгаа хамтарсан уран бүтээлийн тоглолт хийх болоод тэгсэн Ж.Цэрэнпагам дүү маань та энэ дуугаа манай багшаа дуулуулаач гэж хэлэхээр нь нээрээ болох юм байна гэж бодоод Ш.Чимэдцэеэ эгчтэй очиж уулзсан сонсож үзээд болмоор юм байна гээд дуулсан даа. Хөгжмийн найруулга ч их сайхан боллоо. Ш.Чимэдцэеэ эгч маань өдий насан дээрээ хоолой нь хэвээрээ байх юм, уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандах юм одоо үеийн залуу уран бүтээлчид тэр хүнээс авах юм, сурах зүйл их юм байна лээ.


-Энд тэндхийн тоглолт дээр зөндөө дуулсан. Манай ээж чинь гоё байна сайхан дуу болж гэж хэлж чаддаггүй хүн шүү дээ. Хотоос зайдуу гараад клипний дүрс аваад л байж байхад дотроо их баярлаж байгаа юм. Өөрийн ойр дотнын найз нартаа хүү маань ийм дуу зохиожээ, би клипэнд нь оролцоод гээд ярьсан байдаг юм билээ.
-Аавдаа зориулж дуу зохиож байсан уу?
-Манай ангийн Л.Болдбаатарын дуулсан “Аавынхаа тухай ярихад” гээд дууг аавыгаа өнгөрсөн хойно нь зохиож байлаа. Яруу найрагч Н.Баянмөнх аавыгаа бурхан болсны дараа шүлгээ бичээд надад өгч байсан. Яг л аавыгаа бодоод уйлж байгаад л аяа зохиосон доо. Л.Болдбаатар маань ч их сайхан дуулсан.


-Залуу уран бүтээлчдийг их дэмжиж дуунуудаа дуулуулж байгаа харагддаг. “Сэмбэрүү заяа” дуугаа их сайхан шинэчилж дуулуулсан байсан?
-Э.Хонгороо надад “Сэмбэрүү заяа” дуугаа дуулуулаач ээ гэж санал жил гаруй хугацаанд тавьж байгаа юм. Бодоод байсан ард түмний хүртээл болчихсон уран бүтээлийг хайрлаад харамлаад байх ч хэцүү юм даа гээд залуу уран бүтээлч нартаа өгөөд дуулуулсан юм. Б.Саруул, Э.Хонгороо хоёр ч их сайхан дуулсан дуун дээрээ ч сайн ажилсан одоо эргээд шинэ хувилбараараа дахиад л хит болж байна лээ шүү дээ.
Би анх хотод орж ирээд уран бүтээл хийж эхэлж байхдаа уран бүтээл хийх зовлонг амсаж үзсэн хүн байхгүй юу. Дор хаяж л санхүүгийн бэрхшээлээс авхуулаад янз бүрийн бэрхшээл тулгарна шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч халуун яриа өрнүүлсэн танд баярлалаа.
-Танай хамт олонд ч ажлын амжилт хүсье.
Сэтгүүлч П.Баянбилэг
Зураглаач Н.Мөнх-Эрдэнэ, Г.Дөлгөөн
“Хөрөг” нэвтрүүлгийг үзэх линк:







