
Өнөөдөр нэгдүгээр ангид орох зургаан настнууд 2042 онд их сургуулиа төгсөж, ажил амьдралын гараагаа эхэлнэ. Тэр үед хиймэл оюун ухаан хаа хүрсэн байхыг таахад бэрх. Харин тэднийг бэлтгэх сургууль ямар байна вэ? Боловсролын салбарынхан энэ асуултад хариулах томоохон өөрчлөлт 2026-2027 оны хичээлийн жилээс эхэлнэ гэж мэдэгдлээ.
Есдүгээр сарын 1 дөхөхөөр айл бүрийн амьдрал хөл хөдөлгөөнд ордог. Хүүхдээ аль цэцэрлэг, сургуульд бүртгүүлэх вэ, дүрэмт хувцсаа хаанаас авах вэ, үдийн хоол нь ямар байх бол, сурах бичиг хүрэлцэх үү, оюутны тэтгэлэг олдох уу?
Эцэг эхчүүдийн хувьд боловсролын шинэчлэл гэх том үгнээс илүү эдгээр асуултын хариулт л чухал.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон салбарын байгууллагын төлөөлөгчид шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг танилцуулахдаа “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлнө” гэсэн зорилго дэвшүүлэв.
Гэхдээ энэ бодлого хүүхдийн амьдралд яаж мэдрэгдэх вэ?
Өнөөдөр сурсан зүйлийн 39 хувь дөрвөн жилийн дараа хэрэггүй болно
Энэ жил их сургууль, коллежид элссэн залуус 2030 онд төгсөнө. Гэтэл тэр үед тэдний өнөөдөр эзэмшиж байгаа мэдлэг, ур чадварын 39 хувь хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээгүй болох эрсдэлтэйг салбарынхан онцолж байна.
Мэргэжил, ажлын байр ийм хурдтай өөрчлөгдөж байхад хүүхдэд зөвхөн номын агуулга цээжлүүлэх нь хангалтгүй болжээ. Тэд хиймэл оюун ухаан ашиглаж, их өгөгдөлтэй ажилладаг, мэдээлэлд шүүмжлэлтэй ханддаг, бусадтай хамтардаг, өөрчлөлтөд хурдан дасан зохицдог байх шаардлагатай.
Тиймээс компьютерын ухаан, кодчилол, англи хэлний суурь чадварыг бага ангиас нь олгохоор төлөвлөж байна.
Энэ жил нэгдүгээр ангид орсон хүүхэд 2038 онд арванхоёрдугаар ангиа төгсөнө. Их сургуульд дөрвөн жил сурвал 2042 онд ажилд орно. Тэр үеийн ажлын байранд хүүхдийг бэлтгэхийн тулд сургалтын хөтөлбөр өнөөдрөөс өөрчлөгдөх ёстой гэж Боловсролын яам тайлбарлав.
Цэцэрлэг бол хүүхэд хардаг газар биш
Хүүхдийн ирээдүйн ялгаа сургуульд орохоос нь өмнө үүсдэг.
Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд болон хэдэн жил тогтмол хамрагдсан хүүхдийн хэл яриа, унших чадвар, математик сэтгэлгээний хөгжилд мэдэгдэхүйц ялгаа байдгийг судалгаанууд харуулжээ. Яамны танилцуулснаар, цэцэрлэгт хамрагдсан жил нэмэгдэх тусам хүүхдийн математик, унших болон байгалийн ухааны гүйцэтгэл ахидаг байна.
Монголд өмнө нь 36 мянга орчим хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэж байв. Харин төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон өөр хувилбаруудыг ашигласнаар сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 93 хувьд хүргэжээ. Таван настай хүүхдийн хамрагдалтыг 98 хувьд хүргэх зорилго тавьсан байна.
Гэвч хүүхдийг цэцэрлэгийн хаалгаар оруулаад орхих нь хангалтгүй.
Сүүлийн үеийн судалгаагаар гурван хүүхэд тутмын нэг нь хэл ярианы хөгжил сул, цөөн үгээр ярьдаг болсон гэх үр дүн гарчээ. Гар утас, дэлгэцийн хэрэглээ нэмэгдэж, хүүхэд эцэг эх, багштайгаа ярилцах нь багассан нь үүнд нөлөөлж байгааг салбарынхан анхааруулав.
Тиймээс шинэ хөтөлбөрөөр хүүхдийн үг яриа, хөдөлгөөн, сэтгэл хөдлөл, бусадтай харилцах чадварыг хамтад нь хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Хүүхдийн өвчнийг сургууль дээр нь эрт илрүүлнэ
Хичээлдээ хоцорч байгаа хүүхэд бүр залхуу гэсэн үг биш. Хараа, сонсгол, шүд, хоол боловсруулах эрхтний асуудал нь сурахад нь нөлөөлж байж болно.
Өмнө зохион байгуулсан эрт илрүүлгийн үеэр гурван хүүхэд тутмын хоёр нь шүд цоорсон байсан талаар албаныхан мэдээлэв. Шүдний өвчин даамжирвал хооллолт болон биеийн ерөнхий эрүүл мэндэд ч нөлөөлдөг.
Иймээс 2026-2027 оны хичээлийн жилд цэцэрлэгийн гурван настнууд, мөн нэгдүгээр, зургаа, есдүгээр ангийн сурагчдыг сургууль, цэцэрлэгт түшиглэсэн эрт илрүүлэгт хамруулахаар төлөвлөжээ.
Үдийн хоолны шим тэжээл, жорыг ч хүүхдийн нас, бие махбодын хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах юм байна. Нэгээс тавдугаар ангийн хүүхдийн хоол цатгах бус, өсөлт хөгжилд нь хэрэгтэй шим тэжээл өгөх ёстой гэсэн зарчим баримталж байгаа аж.
Хүүхдийг дүнгээр уралдуулахгүй, хоцорсон хэсгийг нь олно
Шалгалтын дүн хүүхэд юу мэддэгийг харуулж болох ч яг юун дээр гацсаныг нь тэр бүр хэлдэггүй.
Тиймээс үнэлгээний тогтолцоог хүүхдүүдийг хооронд нь жагсаах бус, сурагч бүрийн хоцрогдлыг илрүүлэх чиглэлд өөрчлөхөөр болжээ. Шинэ цахим системээр хүүхэд аль хичээлийн ямар агуулгыг ойлгоогүйг сурагч өөрөө, эцэг эх, багш нь хамт харах боломжтой болно.
Chromebook, цахим сургалтын платформ, хиймэл оюун ухаанд суурилсан багшийн туслахыг сургалтад үе шаттай ашиглана. Ингэснээр алслагдсан сумын хүүхэд ч чадварлаг багшийн бэлтгэсэн хичээлийг үзэх боломжтой гэж тооцож байгаа юм байна.
Мөн аль сургуульд ямар хичээлийн багш дутагдаж байгааг бодит хугацаанд харуулдаг систем нэвтрүүлжээ. Ингэснээр “багш хүрэлцэхгүй байна” гэсэн ерөнхий ярианы оронд яг хаана, ямар багш хэрэгтэйг мэдээлэлд тулгуурлан шийдэх боломжтой болох юм.
Сургуулийг хүүхдийн гэрт ойртуулна
Зарим сургууль хэдэн мянган сурагчтай, нэг анги нь 45-аас олон хүүхэдтэй байхад өөр газарт сургууль, анги танхимын нөөц ашиглагдахгүй үлддэг.
Энэ ялгааг багасгахын тулд хэт том сургуулиудын бүтцийг задлах, хотхон дотор бага сургууль байгуулах, анги дүүргэлтийг бууруулах шийдэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Зорилго нь “гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” болгох аж.
Өөрөөр хэлбэл, сайн боловсрол авахын тулд хүүхэд заавал хотын төвийн нэртэй сургууль руу олон километр явдаг байдлыг өөрчлөхийг зорьж байна.
Багшийн бичиг цаасыг багасгана
Багш хүүхэдтэй ажиллах ёстой цагаа тайлан, судалгаа, давхардсан бичиг баримтад зарцуулдаг гэх шүүмжлэл олон жил гарсан.
Шинэ зохицуулалтаар багшийн ажлын норм, карьерын замналыг өөрчилж, ачааллыг 30-аас доошгүй хувиар бууруулах зорилт тавьжээ. Цахим систем болон хиймэл оюун ухааны туслахыг зөв ашиглавал хичээлийн төлөвлөгөө, үнэлгээ, тайлан боловсруулахад зарцуулдаг цагийг багасгах боломжтой гэж үзэж байна.
Улсын хэмжээнд бүх сургууль багшгүй болсон хэмжээний хомсдол байхгүй ч математик, физик, хими, биологи зэрэг байгалийн ухааны чиглэлийн багш дутагдалтай байна. Монгол хэл, уран зохиол, гадаад хэл, түүх, газар зүй, дүрслэх урлаг, технологийн багшийн хэрэгцээ ч өндөр байгаа аж.
Харин биеийн тамир, бага анги, сургуулийн өмнөх боловсролын зарим чиглэлээр бэлтгэгдсэн багшийн тоо хэрэгцээнээс давжээ. Тиймээс багшийн тэтгэлгийг бүх мэргэжилд адилхан олгох бус, үнэхээр дутагдаж буй чиглэлд төвлөрүүлэхээр болсон байна.
Сургууль нэг компанийн форм шахаж болохгүй
Шинэ хичээлийн жил эхлэхийн өмнө эцэг эхчүүдийн хамгийн их асуудаг зүйлсийн нэг нь дүрэмт хувцас.
Сурагчид стандартын өнгө, загвар, материалд нийцсэн дүрэмт хувцас өмсөнө. Гэхдээ сургууль аль нэг компанийн хувцсыг заавал авахыг шаардах эрхгүй. Мөн иж бүрэн хувцсыг нэг газраас бөөнөөр нь авах албагүй.
Эцэг эх хүүхдийнхээ хэрэгцээ, боломжид тохируулан үйлдвэрлэгчээ өөрөө сонгож болно. Харин сургууль улсын стандартаас өөр загвар гаргаж, сурагчдаас шинээр худалдаж авахыг шаардах ёсгүйг албаныхан сануулав.
Тэтгэлэг авахын тулд үнэхээр суралцах хэрэгтэй болно
Боловсролын зээлийн сангийн тэтгэлгийн шалгуурт ч өөрчлөлт орно.
Шинэ зохицуулалтаар 3.0-3.3 хүртэл голч дүнтэй, бусад шаардлагаа хангасан оюутанд сургалтын төлбөрийн 70 хувьтай тэнцэх тэтгэлэг олгоно. Харин голч дүн нь 3.3-аас дээш бол 100 хувийн тэтгэлэг авах боломжтой.
Гэхдээ энэ дэмжлэг бүх оюутанд автоматаар олгогдохгүй. Улсад хэрэгцээтэй, эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа эсэх, хөтөлбөрийн шаардлага хангасан эсэхийг харгалзана.
Багш мэргэжлийн тэтгэлэгт 2024 оноос хойш 9800 орчим оюутан хамрагджээ. Цаашид энэ мөнгийг багш илүүдэлтэй чиглэлд бус, математик, байгалийн ухаан зэрэг дутагдалтай мэргэжлийн багш бэлтгэхэд түлхүү зарцуулах юм байна.
Мөн зээл, тэтгэлэг аваад гадаадад болон дотоодод сурсан хүн сургуулиа төгссөн үү, хаана ажиллаж байна, зээлээ төлж байна уу гэдгийг хянадаг болно. Өөрөөр хэлбэл, Боловсролын зээлийн сан мөнгө тараадаг бус, өгсөн санхүүжилтийнхээ үр дүнг нэхдэг тогтолцоонд шилжихээр төлөвлөжээ.
Амлалт анги танхимд хүрч чадах уу?
Боловсролын яам 2028 он гэхэд сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулж, багшийн ачааллыг багасган, сургууль бүрийг эрүүл, аюулгүй, хүртээмжтэй орчин болгоно гэж амлаж байна.
Цаасан дээр бол зорилго том, төлөвлөгөө олон.
Харин эцэг эхэд хүүхдийнх нь анги хэдэн сурагчтай байх, багш нь хүүхэд бүртэй ажиллаж чадах эсэх, үдийн хоол нь чанартай байх эсэх л хамгийн чухал. Хүүхдэд бол сургуульдаа айхгүй очдог, багшаасаа асуулт асууж чаддаг, ойлгоогүй зүйлээ нөхөх боломжтой байх нь чухал.
2026-2027 оны хичээлийн жилийн жинхэнэ шалгалт нь танилцуулсан платформын тоо, зарцуулсан мөнгөөр хэмжигдэхгүй нь ээ. Харин хүүхэд бүрд энэ өөрчлөлт мэдрэгдэж чадсан уу гэдгээр хэмжигдэх юм.
М.Солонго
Видео үзэх:









