
Монголын боловсролын салбарт олон жил шийдэгдэлгүй явсан нэг асуудал энэ хичээлийн жилээс бодит шийдэлд хүрэх шатандаа оржээ. Тодруулбал, сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг халж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох ажил хэрэгжиж байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам 2020 оноос хойш энэ асуудлыг хөндөж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх чиглэлээр ажилласан бөгөөд энэ хичээлийн жилээс боловсролын салбар нүхэн жорлонгоос бүрэн салах боломж бүрдсэн талаар мэдээлжээ.
Энэ ажлыг хэрэгжүүлэхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүгийн дэмжлэг үзүүлж, Боловсролын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, төрийн болон орон нутгийн байгууллагууд хамтран ажилласан байна. Тус үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд улсын хэмжээнд нүхэн жорлонтой 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгоход шаардлагатай 100 тэрбум төгрөгийг үе шаттайгаар санхүүжүүлж байгаа аж.
819 байгууллагын хүүхэд нүхэн жорлон хэрэглэж байжээ
Монгол Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байр гаднаа модон жорлонтой гэсэн судалгаа байдаг. Энэ нь зөвхөн тав тухын асуудал биш. Хүүхдүүд хүйтэн, халуун, цас, бороотой үед гадаа жорлон ашиглах шаардлагатай болдог бөгөөд үүнээс үүдэн эрүүл мэнд, аюулгүй байдалд нь олон төрлийн эрсдэл үүсдэг.
Ялангуяа өвлийн улиралд хүйтэн орчинд бие засах нөхцөл нь хүүхдүүдийг ус бага уух, шээсээ удаан хугацаагаар барихад хүргэдэг талаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Завхан аймагт хийсэн судалгаанд онцолсон байдаг.
Харин стандартын шаардлага хангаагүй, доторлогоо болон битүүмжлэлгүй нүхэн жорлонгийн ялгадас хөрс, гадаргын болон гүний усанд нэвчих эрсдэлтэй. Ялгадаст агуулагдах нян, вирус, шимэгч нь бохирдсон ус, хүнс, гар, ялаа болон бусад шавжаар дамжин хүнд халдварлах боломжтой.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ариун цэврийн шаардлага хангаагүй орчныг суулгалт, холер, цусан суулга, балнад, гэдэсний шимэгч хорхойн халдвар, полиомиелит зэрэг өвчний тархалттай холбон үздэг. Мөн ийм орчин нь хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж, нянгийн эмэнд тэсвэржилт нэмэгдэх нөхцөл болдог байна.
Монгол Улсад бохир ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт бус нөхцөлөөс шалтгаалсан нас баралтын түвшин 2019 онд 100 мянган хүн тутамд 3.2 байсныг ДЭМБ мэдээлжээ.
Нүхэн жорлон зөвхөн сургуулийн асуудал биш
Сургуулийн нүхэн жорлонг халж байгаа нь чухал алхам боловч Монголын ариун цэврийн байгууламжийн асуудал үүгээр дуусахгүй.
Үндэсний статистикийн хорооны 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор байшинд амьдардаг 259,360 өрх энгийн, 3,439 өрх сайжруулсан нүхэн жорлон ашиглаж байжээ. Харин гэрт амьдардаг 342,409 өрхийн 77.4 хувь нь энгийн, 1.5 хувь нь сайжруулсан нүхэн жорлонтой байсан байна.
Эдгээр үзүүлэлтийг нэгтгэвэл байшин болон гэрт амьдардаг ойролцоогоор 533 мянган өрх нүхэн жорлон ашиглаж байгаа дүр зураг харагдана.
Өөрөөр хэлбэл, нүхэн жорлон бол зөвхөн сургуулийн хашаанд үлдсэн хуучин байгууламжийн асуудал бус, гэр хороолол болон хөдөө орон нутагт амьдарч буй олон зуун мянган өрхийн өдөр тутмын амьдралтай холбоотой эрүүл ахуй, байгаль орчны томоохон асуудал юм.
Улаанбаатарын хувьд ч нөхцөл ялгаагүй. Хотын хүн амын дийлэнх хэсэг гэр хороололд амьдарч байгаа бөгөөд утаа, агаарын бохирдлын зэрэгцээ хөрс, усны бохирдол нь гэр хорооллын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.
Нүхэн жорлонгоос хөрсөнд нэвчсэн бохирдол нь улмаар газрын болон гүний усанд хүрэх эрсдэлтэй. Ялангуяа аймгийн төв, гэр хорооллын нягтаршил өндөртэй бүсэд энэ асуудал улам ноцтой болж байна. Хөдөө орон нутагт аймгийн төвийн айл өрхүүдийн дийлэнх нь нүхэн жорлонтой хэвээр байгаа нь үүнийг илтгэнэ.
100 тэрбумын хөрөнгө оруулалт бол эхлэл
Хүний ялгадас нь олон төрлийн нян, вирус, шимэгч агуулдаг. Судлаачдын тооцооллоор хүний ялгадас өдөрт дунджаар 200-400 грамм гардаг бөгөөд түүний найрлагад асар олон тооны бичил биетэн, эмгэг төрүүлэгч агуулагддаг.
Тиймээс ариун цэврийн байгууламжийг зөвхөн “жорлон” гэж харах боломжгүй. Энэ бол хүний эрүүл мэнд, ус, хөрс, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай шууд холбоотой дэд бүтэц юм.
Монгол Улсад 333,560 орчим шаардлага хангасан ариун цэврийн байгууламж байгаа бол 420 мянга гаруй шаардлага хангаагүй байгууламж байна гэсэн тооцоо бий. Энэ нь асуудлын цар хүрээ ямар том болохыг харуулна.
Дэлхий дахинд ч ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалтгүй хэвээр байна. Нүхэн жорлон болон суурь ариун цэврийн байгууламжийн дутагдал нь ялангуяа хөгжиж буй орнуудын хөдөө орон нутаг, гэр хороололтой төстэй суурьшлын бүсэд түгээмэл байдаг.
Иймээс боловсролын салбарын 819 байгууллагын нүхэн жорлонг халж, 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ариун цэврийн байгууламжийг шинэчилж байгаа нь зөвхөн нэг салбарын дэд бүтцийн шинэчлэл биш юм.
Энэ бол хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах бодит хөрөнгө оруулалт.
Гэхдээ шинэ жорлон барьж, ашиглалтад оруулснаар ажил дуусахгүй. Цэвэр ус, гар угаах нөхцөл, ариун цэврийн хэрэглэл, ялгадсыг битүү хуримтлуулах, аюулгүй цэвэрлэх, тогтмол арчлах тогтолцоо зэрэг нь цаашид хамгийн чухал асуудал болно.
Нэг үеийн хүүхдүүд нүхэн жорлонгийн хажуугаар хичээлдээ ордог байсан бол дараагийн үеийн хүүхдүүд эрүүл ахуйн стандарт хангасан орчинд суралцах боломжтой болох нь боловсролын салбарын хөгжлийн хамгийн энгийн атлаа хамгийн чухал хэмжүүрийн нэг юм.
*Нүхэн жорлонг халах нь жорлон барих тухай биш. Харин хүүхдийн эрүүл мэнд, цэвэр ус, хөрс, байгаль орчин, хүний амьдрах орчны чанарын тухай асуудал юм.*
Тиймээс сургуулийн 819 байгууллагаас эхэлсэн энэ ажлыг гэр хороолол, аймаг сумын төв, хөдөө орон нутгийн айл өрхүүдийн ариун цэврийн байгууламжийн шинэчлэлтэй уялдуулж, урт хугацааны бодлого болгон үргэлжлүүлэх шаардлагатай байна.
Видео үзэх:









