
Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх асуудал Монгол Улсад анхаарал хандуулах шаардлагатай томоохон асуудлын нэг хэвээр байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр амиа хорлолт нь 15–29 насныхны нас баралтын гурав дахь гол шалтгаан болж байна. Харин Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн амиа хорлолтын түвшин өндөр орнуудын нэг бөгөөд 100 мянган хүн тутамд 15-аас дээш үзүүлэлттэй орнуудын тоонд багтдаг байна.
Манай улсын хувьд амиа хорлолтын насны бүтэц анхаарал татахуйц байна. Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн 2023 оны эрүүл мэндийн үзүүлэлтийн мэдээллээр амиа хорлож нас барсан тохиолдлын 23.4 хувийг 15–19 насныхан, 27.4 хувийг 20–24 насныхан эзэлжээ.
Өөрөөр хэлбэл нийт амиа хорлолтын талаас илүү хувь нь 15–24 насны залуусын дунд бүртгэгдсэн байна. Энэ нь хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлийг эрт илрүүлэх, тусламж үйлчилгээтэй цаг алдалгүй холбох шаардлага ямар өндөр байгааг харуулж байна.
Эрсдэлийг эрт илрүүлэх нь чухал
Өсвөр нас бол сэтгэл хөдлөл, бие махбод, нийгмийн харилцаанд олон өөрчлөлт гардаг онцгой үе. Энэ үед стресс, түгшүүр, сэтгэл гутрал, ганцаардал, гэр бүлийн зөрчил, үе тэнгийнхний дээрэлхэлт зэрэг асуудал хүүхдийн сэтгэл зүйн байдалд хүчтэй нөлөөлж болдог.
Ялангуяа хүүхэд асуудлаа хэнтэй хуваалцахаа мэдэхгүй, тусламж хүсэхээс санаа зовох эсвэл гэр бүл, сургууль нь өөрчлөлтийг нь анзаарахгүй өнгөрөх тохиолдолд эрсдэл улам нэмэгдэж болзошгүй.
Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн төвийн 2022–2025 оны мэдээлэл ч энэ асуудлыг анхаарах шаардлагатайг харуулж байна. Хурц эмийн хордлогын тохиолдол 2022 онд 233 байсан бол 2024 онд 271 болж, 2025 оны эхний есөн сарын байдлаар 240 тохиолдол бүртгэгджээ.
Тус эмнэлгийн мэдээллээр эдгээр тохиолдлын 95.3 хувьд амиа хорлох сэдэл эсвэл төлөвлөгөө ажиглагдсан байна.
Мөн эмийн хордлогод орсон хүмүүсийн 83.6 хувийг 16–30 насныхан эзэлж, тэдний 56.1 хувь нь гэр бүлийн маргаантай холбоотой байжээ.
Эдгээр тоо нь амиа хорлолтын асуудлыг зөвхөн хувь хүний сэтгэл зүйн асуудал гэж харах боломжгүйг харуулна. Хүүхдийн гэр бүл, сургууль, үе тэнгийнхэнтэй харилцах харилцаа, аюулгүй орчин, тусламж үйлчилгээний хүртээмж зэрэг олон хүчин зүйлсийг хамтад нь авч үзэх шаардлагатай.
33 сургуулийн сэтгэл зүйчийг чадавхжуулна
Ийм нөхцөлд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх зорилготой “Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл Төвийн санаачилга болон Австралийн Засгийн Газрын дэмжлэгтэйгээр хэрэгжих “Гэрэлт Эргэлт” төсөл 2026 оны наймдугаар сараас 2027 оны зургаадугаар сарын 1 хүртэл хэрэгжинэ.
Төслийн хүрээнд нийслэлийн дүүргүүд болон аймаг, орон нутгийн нийт 33 сургуулийн сэтгэл зүйчийг чадавхжуулах юм.




Сургуулийн сэтгэл зүйчид өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн хэрэгцээ, эрсдэлийг эрт илрүүлэх, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн тусламж үйлчилгээтэй холбон зуучлах чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлнэ.
Энэ нь зөвхөн нэг удаагийн сургалт зохион байгуулахаас илүүтэйгээр хүүхэд эрсдэлд орсон үед хамгийн түрүүнд анзаарах, сонсох, зөв үнэлэх, шаардлагатай тусламжид холбох сургуулийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

6,600 хүүхэд, 3,300 эцэг эхийг хамруулна
Чадавхжсан сэтгэл зүйчдээр дамжуулан нийт 6,600 өсвөр үеийнхэн, 3,300 эцэг эх, асран хамгаалагчийг сургалт, мэдээлэл, нөлөөллийн үйл ажиллагаанд хамруулахаар төлөвлөжээ.
Өсвөр үеийнхэнд сэтгэцийн эрүүл мэндээ ойлгох, хамгаалах, дэмжих суурь мэдлэг олгохоос гадна стресс, түгшүүр, сэтгэл гутрал болон зан үйлийн өөрчлөлтийг таньж мэдэхэд нь тусална.
Мөн амиа хорлох бодол, зан үйлийн эрсдэлийн дохио шинжийг таних, эрсдэлтэй тохиолдолд хэрхэн зөв хандах, мэргэжлийн тусламжийг хаанаас, хэрхэн авах талаар мэдлэг олгоно.
Хүүхдүүдийн хувьд хамгийн чухал мессежүүдийн нэг нь тусламж хүсэхээс ичихгүй байх, асуудлаа ганцаараа даван туулах шаардлагагүй гэдгийг ойлгуулах явдал юм.
Харин эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ сэтгэл санааны өөрчлөлтийг анзаарах, сонсох, ойлгох, буруутгалгүйгээр харилцах, шаардлагатай үед мэргэжлийн тусламж авах чадварыг нэмэгдүүлэхэд анхаарна.
Сургуулийн орчинд урьдчилан сэргийлэх боломжтой
Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхэд сургуулийн орчин чухал үүрэгтэйг олон улсын судалгаанууд харуулдаг.
Европын 10 орны 168 сургуулийн 11,110 сурагчийг хамруулсан SEYLE судалгаагаар өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэг, өөрийгөө хамгаалах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн YAM хөтөлбөрт хамрагдсан сурагчдын дунд 12 сарын дараа амиа хорлох оролдлого болон хүнд хэлбэрийн амиа хорлох бодол мэдэгдэхүйц буурсан байна.
Энэ нь хүүхдэд асуудал үүссэний дараа тусламж үзүүлэхээс гадна эрсдэлийг урьдчилан таних, сэтгэл зүйн боловсрол олгох, тусламж хүсэх зөв хандлага төлөвшүүлэх нь урьдчилан сэргийлэх чухал арга болохыг харуулж байна.
Тиймээс “Гэрэлт Эргэлт” төслийн нэг онцлог нь амиа хорлолтын асуудлыг зөвхөн эмнэлгийн байгууллагын түвшинд авч үзэх бус сургууль, гэр бүл, хүүхэд, сэтгэл зүйч гэсэн бүх талын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж буй явдал юм.
Хүүхэд асуудлаа хэлэхээс өмнө анзаарах хэрэгтэй
Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал заримдаа ил тод харагддаггүй. Хүүхэд хичээлдээ муудах, найз нөхдөөсөө хөндийрөх, зан ааш нь огцом өөрчлөгдөх, нойр болон хооллолтын хэв маяг өөрчлөгдөх зэргээр сэтгэл зүйн хүндрэлээ илэрхийлж болно.
Гэвч эдгээр өөрчлөлтийг “насны онцлог”, “сахилгагүй зан”, “хичээлдээ дургүй болсон” гэх мэтээр ойлгож өнгөрөөх нь асуудлыг даамжруулах эрсдэлтэй.
Тиймээс хүүхэд өөрөө тусламж хүсэх хүртэл хүлээхээс илүүтэй эцэг эх, багш, сургуулийн сэтгэл зүйч хүүхдийн зан байдал, сэтгэл санааны өөрчлөлтийг анзаарч, ярилцаж, шаардлагатай үед мэргэжлийн тусламжид холбон зуучлах нь чухал.
“Гэрэлт Эргэлт” төсөл энэ хэрэгцээг сургуулийн түвшинд бэхжүүлэхийг зорьж байна.
33 сургуулийн сэтгэл зүйчийг чадавхжуулж, 6,600 өсвөр үеийнхэн, 3,300 эцэг эх, асран хамгаалагчийг хамруулах энэхүү төсөл нь амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхээс гадна хүүхэд сэтгэл зүйн хувьд хүнд нөхцөлд орсон үедээ ганцаараа үлдэхгүй байх, тусламж хүсэх, тусламж авах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Эцсийн дүндээ амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхам нь зөвхөн эрсдэлийг таних бус, хүүхэд “надад туслах хүн байна” гэж мэдэрдэг орчныг гэр бүл, сургууль, нийгэмд бий болгох явдал юм.












