
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болон Шүүгчдийн зөвлөгөөн өчигдөр /2026.05.15/ болж, улс төрийн намуудын дүрмийн өөрчлөлт, хууль тогтоомжийн төслүүд болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийт шүүгчийн хуралдаанаар Монголын ногоон намын ээлжит бус XX Их хурлаас А.Ундрааг намын даргаар сонгосныг болон тус намын дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээр шийдвэрлэв. Мөн Дэлхийн монголчууд намын дүрмийн өөрчлөлт, ХҮН намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн шинэчилсэн найруулгыг тус тус бүртгэхээр болсон байна.
Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан С.Заяадэлгэр, Д.Мөнхзориг нарыг нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд санал болгохоор тогтжээ.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Уянгын өргөн мэдүүлсэн “Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай” анхдагч хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын санаачилсан “Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлтэй танилцаж, Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Мөн УИХ-ын гишүүн Э.Одбаярын өргөн мэдүүлсэн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарын өргөн мэдүүлсэн “Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын санаачилсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдтэй танилцаж, албан бичгээр хариу хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Үүнээс гадна Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс ирүүлсэн “Эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээлгэх нийтлэг насыг 16 байхаар тогтоосон нь Үндсэн хуулийн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчсөн эсэх” талаарх саналыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэх шаардлагагүй гэж үзжээ.
Мөн Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн хүсэлтийн талаар хэлэлцэж, Шүүхийн академиар нарийвчилсан судалгаа хийлгэхээр болсон байна. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 01/581 дугаар албан бичигтэй танилцаж, хариу хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин Шүүгчдийн зөвлөгөөнөөр Улсын дээд шүүхийн ил тод байдал, олон нийттэй харилцах чиглэлээр баримтлах бодлогын төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулж, бусад асуудлыг хэлэлцсэн байна.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх







