
Номын баярыг зөвхөн төв талбайгаас гадна нийслэлийн 88 сургуульд зэрэг нээж “Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөнийг эхлүүллээ. Энэхүү санаачилга нь хүүхдүүдийн унших дадлыг дэмжих, номын соёлыг түгээхэд чиглэсэн өргөн хүрээний ажил болж буй.
“Динза, Цондоолойгийн анд найзууд” ТББ-ын хөрөнгө оруулалт, Богд банкны ерөнхий ивээн тэтгэлгээр хэрэгжиж буй “Хүүхдийн хөгжил, төлөвшлийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн 88 сургуульд уншлагын талбай байгуулж, 250 мянган хүүхдэд номын соёл, унших дадал, хөгжлийн боломжийг бүрдүүлжээ.
Сургуулиуд тус бүрд 50 метр квадратаас доошгүй талбай бүхий хүүхдэд ээлтэй уншлагын орчин, ном хэрэглэгдэхүүн, урамшууллын систем бүхий цогц тохижилт хийжээ.
Мөн багш нарт зориулсан унших чадварын сургалтыг давхар зохион байгуулж байгаа аж. Эхний ээлжийн 88 сургуульд нэг бүрд дунджаар 56 сая төгрөг, нийтдээ дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Цаашид уг төслийг 12 сургуульд нэмж хэрэгжүүлж, 5800 багшийг унших чадвар сайжруулах аргазүйн сургалтад хамруулахаар төлөвлөжээ.

Иймээс “Монголын ирээдүй уншихад бэлэн” уриатай “Динза элч” хөдөлгөөн нь хүүхдүүдийг уншиж ойлгодог, сэтгэдэг, өөрийгөө илэрхийлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байна. Одоогоор нийслэлийн 88 сургуульд эхлүүлсэн энэхүү ажлыг цаашид 720 сургуульд өргөжүүлэх зорилт тавьжээ.
Тус хөдөлгөөний хүрээнд “Динза элч” үндэсний уншлагын хөдөлгөөний нэрэмжит уралдаан зарлаж, ахлах ангийн сурагчид болон багш, захирал, номын санч, сэтгэл зүйч зэрэг оролцогчдын хамтын ажиллагаанд тулгуурлан унших соёлыг сургууль бүрд түгээхээр зорьж байна. Ингэснээр 88 сургуулийн туршлагыг 720 сургуульд нэвтрүүлэх суурь бүрдэх юм байна.
Идэвхтэй оролцсон багш, ажилтан, сурагчдад боловсрол, хөгжлийн тэтгэлэг олгох боломж бүрдэж байгаа нь оролцоог бодитоор үнэлэх, урамшуулах чухал алхам гэнэ.
“Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөн нь хүүхэд бүрд ном унших орчин, боломж, урам зоригийг ойртуулах замаар монголын ирээдүйг унших, ойлгох, сэтгэх чадвартай болгоход чиглэсэн үндэсний хэмжээний санаачилга юм.
Видео үзэх холбоос:







