
Ираны дайн, газрын тосны үнийн нэмэгдэл зэргээс болж үүсээд буй санхүүгийн хүндрэлийг бага ч атугай хөнгөвчлөхийн тулд БНСУ-ын эрх баригчид нийт хүн амынх нь 70 хувийг бүрдүүлдэг бага орлоготой 36 сая орчим иргэддээ хоёр дахь багц мөнгөн дэмжлэгийг үзүүлэх гэж буйгаа зарлажээ.
Өнгөрсөн сард БНСУ-ын Үндэсний ассемблей Ираны дайны улмаас эдийн засгийн салбарт тулгараад буй асуудлуудтай тэмцэхэд зориулж 26.2 их наяд воныг төсөвтөө нэмэлтээр тусгасны дотор иргэдэд мөнгөн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн зардал багтжээ.
Өнгөрсөн 4-р сард БНСУ-ын засгийн газар бага орлоготой болон эмзэг бүлгийн иргэддээ 600 мянга хүртэлх воны тусламж үзүүлсэн юм.
Тэгвэл хоёр дахь багц мөнгөн дэмжлэгийг авах хүсэлтэй иргэд ирэх даваа гарагаас 7-р сарын 3 хүртэл хүсэлтээ илгээх боломжтой бөгөөд шалгуурыг хангасан Сөүл хотын оршин суугчид тус бүр 100 мянган вон, хүн ам багатай бүс нутагт амьдардаг иргэд тус бүр 250 мянга хүртэлх воны дэмжлэг хүртэх аж.
Мөнгөн дэмжлэг хүртэх эрхтэй эсэхийг тодорхойлохдоо Өмнөд Солонгосын эрх баригчид иргэдийн 2026 оны 3-р сард төлсөн эрүүл мэндийн даатгалын хураамжийг авч үзэх ба 130 мянган вон ба түүнээс бага хураамж төлсөн иргэд шалгуурыг хангасанд тооцох бол өрхийн нийт орлого нь 2025 онд 1.2 тэрбум воныг давсан эсвэл 2024 онд 20 сая ба түүнээс дээш воны орлого олсон иргэд мөнгөн тэтгэмж авахгүй аж.
Иргэд улсаас олгох мөнгөн дэмжлэгээ өөрсдийн дансаар эсвэл ваучераар авах боломжтой аж.







