
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын дайныг дуусгах төлөвлөгөөнд Ираны зүгээс өгсөн хариуг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэжээ.
Ираны Tasnim агентлагийн мэдээлснээр Тегеран Пакистан улсаар дамжуулан АНУ-д илгээсэн саналдаа дайныг фронтын бүх шугамд зогсоох, Иранд Ормузын хоолойг хараат бус байдлаар хянах боломжийг олгох, Ираны эсрэг тогтоосон хоригуудыг цуцлах, Ираны хураагдсан өмч хөрөнгүүдийг чөлөөлөх, боомтуудын бүслэлтийг цуцлах, цаашид Иранд цохилт үзүүлэхгүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг шаарджээ.
Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээндээ, “Ираны “төлөөлөгчид” гэх хүмүүсээс явуулсан хариуг уншлаа. Надад таалагдсангүй, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ” хэмээн бичжээ.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Д.Трамп Ираны дайн тун удахгүй дуусна хэмээн мэдэгдсэн бол Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Ираны дайныг дууссан гэж зарлахаасаа өмнө Ираны баяжуулсан ураны нөөцийг устгах шаардлагатай хэмээн мэдэгдсэн юм.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкианы хувьд өнгөрсөн ням гарагт, “Бид дайсны өмнө хэзээ ч толгой бөхийхгүй. Яриа хэлэлцээ явагдаж байгаа тухайд бид бууж өгсөн эсвэл ухарсан гэсэн үг биш юм” гэжээ.







