
Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 101 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан хүүхдийн байгууллагыг үүсгэн байгуулагч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол зохион байгуулагдлаа. Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг энэхүү ёслолд оролцогчид түүний үйл хэргийг дурсан хүндэтгэж, хүүхдийн төлөөх бодлого, үйл ажиллагааны хөгжлийн талаар санал бодлоо хуваалцав.
Сүүлийн 30 жилийн хугацаанд хүүхдийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлд томоохон өөрчлөлт гарч, хүүхдийг “эрх эдлэгч” хэмээн үзэх хандлага ажил хэрэг болжээ. Энэ хүрээнд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн байна.
Монгол Улсын Гавьяат багш Б.Жавзанхүү “Миний үед хүүхдийн хүмүүжил, сахилга бат, ур чадварыг чухалчилдаг байсан. Харин хүүхдийг эрх эдлэгч талаас нь төдийлөн ойлгодоггүй байж. Гэхдээ хүүхэд бүрийг сайн хүн болоосой гэж дэмждэг байсан.” хэмээв.
Хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа тэргүүлэх чиглэл болж, хүний эрхийн зөрчлийг бууруулахад чухал нөлөө үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааны 60-70 хувийг урьдчилан сэргийлэх ажил эзэлдэг бол үлдсэн 30 орчим хувь нь эрсдэлд өртсөн хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ юм.
СХД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө “Эцэг эхчүүд хүүхдээ нас, сэтгэлзүйн онцлогт нь тохируулан эерэг аргаар хүмүүжүүлэх нь чухал. Ярилцах, ойлгох, сонсох, дэмжих, хамтдаа дүрэм тогтоох нь хүүхдийн хөгжлийн үндэс болдог.” гэж зөвлөсөн юм.
Ийнхүү 101 жилийн түүхтэй хүүхдийн байгууллага өнөөдөр эрхэд суурилсан, урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхаарсан хөгжлийн шинэ шатанд шилжиж, хүүхэд бүрийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна.







