
П.Сувданхуяг: Амиа алдсан эхнэр, охин хоёр маань босоод ирэхгүй ч шүүх хэргийг шударгаар шийдлээ
Найман сартай жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулуунд холбогдох хэргийг өнөөдөр /2026.05.06/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж, шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноож, хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэрлэв.
Тэгвэл тус хэргийн хохирогч П.Сувданхуяг: “Амиа алдсан эхнэр, охин хоёр маань босоод ирэхгүй ч тэднийг маань хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг шүүх шударгаар шийдэж, түүнд бүх насаар нь хорих ял оноолоо. Шүүх хэргийг шударгаар шийддэг юм байна гэдэгт итгэлээ. Мөн өмгөөлөгч нартаа баярлалаа гэж хэлмээр байна” хэмээв.
Шууд мэдээллийн видеог үзэх линк:
Нийслэлийн Баянзүрx, Сүxбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүxэд өнөөдөр /2026.05.06/ гурван хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн М.Батчулуунд холбогдох хэргийг хэлэлцэн, бага насны хүүхэд алахыг завдсан хэрэгт найман жилийн, жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхэд алсан хэрэгт бүх насаар хорих ял оноолоо. Ялыг нэмж нэгтгэн бүх насаар хорих ялаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Уг хэрэг явдлыг тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 4-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт онц хэргийгээр хөнөөж мөн гурван настай охины эрүүл мэндэд халдсан хэрэг гарсан. Прокурорын байгууллагаас тус хэргийг үйлдсэн М.Батчулуунд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүсэн. Улмаар шүүх хурал хаалттай болж, Эрүүгийн хуулийн 10.1.3-т заасан биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг онц харгис, хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 10.1.3-т заасан бие хамгаалж чадахгүйг мэдсээр байж жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхэд алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүхээс хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноосон байна. Мөн шүүгдэгчээс 167,197,209 төгрөгийг амь хохирогчийн нөхөр П.Сувданхуягт олгохоор шийдвэрлэв.







