
Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, цэвэр орчныг бүрдүүлэх, зөв дадлыг хэвшүүлэх, хариуцлагатай иргэний оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Clean Up Mongolia-6” нэгдсэн арга хэмжээ Монгол Улс даяар амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Улс “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг зургаа дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 20 мянга гаруй иргэн нэгдэн оролцож байна. Оролцогчдын дийлэнхийг залуус, тэр дундаа ахлах ангийн сурагчид бүрдүүлж, эх дэлхийгээ цэвэрлэх үйлсэд сайн дураараа хувь нэмрээ орууллаа.
Мөн төр, хувийн хэвшлийн 70 гаруй байгууллага нэгдэж, ажилтан, албан хаагчдаа сайн дурын үйл ажиллагаанд оролцуулсан байна. Тухайлбал, Төрийн банкны 600 гаруй ажилтан энэхүү санаачилгыг дэмжин, цэвэрлэгээний ажилд сайн дураараа оролцжээ.


“Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” нь 2018 оноос эхлэн дэлхий даяар өрнөж буй сайн дурын хөдөлгөөн бөгөөд 2024 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр олон улсын албан ёсны өдөр болгон тэмдэглэх болсон юм.
Монгол Улсад уг хөдөлгөөнийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “Clean Up Mongolia” ТББ, залуус болон төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.


Энэхүү нэгдсэн арга хэмжээ нь зөвхөн орчныг цэвэрлэхээс гадна иргэн бүр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хог хаягдлаа зөв ангилан ялгах, цэвэр орчныг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулахын чухлыг олон нийтэд таниулж буй ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.










