
Их Британийн Скайтракс компанийн агаарын тээврийн салбарын 2026 оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол өнгөрсөн баасан гарагт Лондон хотын Лангам зочид буудалд болж өнгөрсөн байна.
2026 оны агаарын тээврийн шилдэг компаниар Сингапур Эйрлайнс тодорчээ. Скайтракс компанийн агаарын тээврийн салбарын шилдгүүдийг тодруулж ирсэн 25 жилийн түүхэнд Сингапур Эйрлайнс компани оны шилдгээр зургаан удаа тодорч байсан ба энэ удаад сүүлийн 15 жилд оны шилдгээр есөн удаа тодорч байсан Катар Эйрвэйз компанийг ардаа орхисон байна.
Катарын Катар Эйрвэйз, Хонконгийн Катэй Пасифик, Японы Олл Ниппон Эйрвэйз, Туркийн Туркиш Эйрлайнс, Арабын Нэгдсэн Эмиратын Эмирэйтс, Францын Эйр Франс, Хятадын Хайнань Эйрлайнс, Японы Жапан Эйрлайнс болон БНСУ-ын Кориан Эйр 2026 оны агаарын тээврийн шилдэг компаниудын жагсаалтын эхний 10-т бичигджээ.
Агаарын тээврийн шилдэг компаниудад АНУ-ын ганц ч компани багтаагүй бөгөөд Хойд Америк тивээс зөвхөн Канадын Эйр Канада жагсаалтын 17-д бичигджээ.
Эконом зэрэглэл болон эконом зэрэглэлийн хоолоороо Сингапур Эйрлайнс компани шилдгээр тодорсон бол Ойрх Дорнодын агаарын тээврийн шилдгээр нэрлэгдсэн Катар Эйрвэйз бизнес зэрэглэл, бизнес зэрэглэлийн лаунж төрөлд шилдгээр тодорчээ.
Нисэх онгоцны шилдэг баг, нэгдүгээр зэрэглэлийн шилдэг лаунжийн шагналыг Катэй Пасифик хүртжээ.
Азийн агаарын тээврийн шилдэг компаниар Тайландын Бангкок Эйрвэйз, Африк тивийн шилдгээр Этиопиан Эйрлайнс, Өмнөд Америкийн шилдгээр Чилийн ЛАТАМ, Европ тивийн шилдгээр Туркиш Эйрлайнс тус тус тодорчээ.
Хямд нислэг санал болгодог агаарын тээврийн компаниудын оны шилдгээр ЭйрАзиа, Скут, Вуэлинг, Юровингсболон Ибериа Экспресс зэрэг компаниуд тодорсон байна.
Эх сурвалж: CNN










