
Боловсролын сайдаар улирч ажиллаж буй Л.Энх-Амгалантай ярилцлаа. Салбартаа хийж хэрэгжүүлнэ хэмээн олон чиг зүйлд ам гарч буй нь зүгээр нэг оноо авах гэж ярьсан, алга ташуулах гэсэн попролт байх вий гэсэн эмээлт байсан тул “Баавгайтай чихэр”- ээ бариад очсон нь энэ.
-Малчны хүүхдүүдийг гэрээс нь холдуулахгүй, аав ээжтэй нь хамт байлгаж сургана гэсэн. Ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллах хугацаандаа Боловсролын багц хуулийг батлуулж, малчны хүүхдийг долоон настайгаас нь сонголттой сургах боломжийг хуулиар уг нээж өгсөн. Гэвч тэр хууль хэрэгжихгүй байна.
Би чинь хөдөө өссөн, хөдөөгийн тойргоос дөрөв дэх удаагаа сонгогдсон гишүүн. Надад малчин ах, дүү нар ч байна. 6-7 настай хүүхэд дотуур байранд, аав, ээжээсээ хол эсвэл аав, ээжийнх нь аль нэг нь хүүхдээ сургуульд зөөх гээд суманд орж ирдэг. Ингээд нэг айлын яндан хоёр болж, үүнээс үүдэн олон залуу малчин салж, сарниж байна.
Швейцарын хөгжлийн агентлаг манай улсад нэг бодлогын зөвлөмж өгсөн юм билээ. Швейцар чинь хөдөө аж ахуй хөгжсөн, яг манайх шиг орон. Фермер ихтэй, фермерүүдийнхээ хүүхдийн боловсролд зориулж нэг тогтолцоо угсарсан юм билээ. Түүнийг Монгол Улс авч хэрэглээч ээ гэж бодлогын зөвлөмж бичиж өгснийг нь хэд хоног уншлаа.
Ер яагаад бид малчны хүүхдэд ганцхан сонголт тулгаад байгаа юм. Зургаан настай хүүхдэд нэгдүгээр ангийнх нь сургалтыг яагаад зун өгч болохгүй гэж. Тэгээд өвөл сургууль амрах үеэр аав, ээжийнх нь аль нэгтэй цуг сургуулийн дотуур байранд 7-10 хоног байрлуулж, авах ёстой мэдлэгүүдийг нь өгч болно шүү дээ. Мөн багийн бага сургуультай болно. Өнгөрсөн жил зургаан багийн сургууль байгуулагдсан юм билээ. П.Наранбаяр сайдын энэ ажлыг үргэлжлүүлнэ.
Багийн эмч гэж айлуудаар очиж, эмчилгээ тусламж үзүүлдэг хүн байдаг даа. Түүн шиг явуулын багш нарыг бий болгоно. Тэтгэвэртээ гарсан нэг багш 10 хүүхэд хариуцаад, гэрээр нь очиж хоцрогдлыг нь арилгаж өгөөд байж болно. Тэгээд сургуульд сурахаар найман настай ирэхэд нь хоёрдугаар ангид, есөн настай ирэхэд нь гуравдугаар ангид, 10 настай ирэхэд нь дөрөвдүгээр ангид дүйцүүлээд авчихна. Гэхдээ 10 нас хүртлээ сургуульд сурахгүй гэсэн үг биш шүү. Гэрээрээ зуны сургалт авч, багийн сургуулиасаа боловсрол эзэмшинэ гэсэн үг.
-Намраас хэрэгжих үү?
-Энэ намраас туршиж үзье гэж бодож байна. Бид шинэ юм хийхдээ туршиж үзэж байж хийхгүй гэнэт огцом, огцом шийдвэр гаргаад байж болохгүй шүү дээ.
-Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг хөдөө орон нутаг руу багшаар явуулах юм уу?
-Би өнгөрсөн долоо хоногт Боловсролын зээлийн сан дээр очиж, ажилласан. Өмнө нь Боловсролын сайдаар ажиллаж байхдаа Боловсролын зээлийн санг “задалсан”, шилэн болгосон. Үндсэндээ 160 орчим хүн зөрчилтэй байгаа юм билээ. Эхний ээлжид Боловсролын зээлийн сангаас зээл авчхаад төлөхгүй байгаа тэр 160 хүнтэйгээ “ноцолдоно”.
-Тэр 160 хүн дотор чинь багш мэргэжлээр сураагүй хүн байсан ч хамаагүй, хөдөө орон нутаг руу явуулна гэсэн үг үү?
-Би ер нь хүмүүсийг хөдөө орон нутаг руу явуулна гээгүй шүү дээ. Харин юу гэж хэлсэн бэ гэхээр багшийн хомсдолыг шийдэх хэд, хэдэн арга байгаагаа л хэлсэн.
Нэгдүгээрт, багш мэргэжлээр төрөөс бүх зардлаа даалгаад, сурчихсан 5000 гаруй багшийн 3000 нь төрийн сургуульдаа багшлахгүй байна. Эхний ээлжид энэ 3000 багшаа буцааж авч ирье гэж байгаа юм.
Хоёрдугаарт, өөр мэргэжлээр төгсөж байгаа хүүхдүүдийг багш болгох 100 хоногийн сургалтад суулгаад, хөдөө орон нутагт очиж 1-2 жил ажиллавал цэргийн алба хаасанд тооцож дүйцүүлнэ. Ингэж хөдөө орон нутгийн багшийн хомсдолоо нөхөх боломжууд байна. Гэхдээ нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд өнөөдөр Монгол Улс багшийн хомстолд 100 хувь орчхоогүй шүү дээ.
–Хувийн сургуулиудаас сайн багш нараа татаж авна гэж хэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ. Багш төрийн өмч биш шүү дээ, сайдаа?
-Дээр хэлсэнчлэн төртэй гэрээ хийгээд, зардлаа даалгаж багш болсон 3000 багш төрийн сургуульд ажиллахгүй байна. Энэ 3000 багш хувийн сургуулиас улсын сургууль руу нь татаж авна л гэсэн юм. Хэрэв төрийн сургуульд багшлахгүй гэвэл төрөөс авсан төлбөрөө буцааж төл гэдэг л шаардлага тавина.
-Их сургуулиудын тоог цөөлж, 20 их сургуультай болгоно гэсэн. Танил тал харж, шалгаруулах уу?
–Танил тал харахгүй. Өмнө нь сайд болж ирэхэд 90 гаруй их сургууль байсан. Би 26-г нь хаачхаад явсан. Их сургууль, коллежийн тогтолцоонд бид шилжүүлчихсэн. Дээд сургууль гэж байхгүй болчихсон шүү дээ.
Бид дэлхийн нэр хүндтэй ангилал тогтоодог компанитай хамтарч хэд, хэдэн удаа эрэмбүүдийг зарлаж байгаа. Одоо бид их өгөгдөл угсарч байна. Их өгөгдөлд их сургуулиудын KPI гэж ярьдаг гол үзүүлэлтүүдийг оруулна. Их сургуулиудыг хүн эрэмбэлэхгүй, их өгөгдөл эрэмбэлнэ гэсэн үг. Харин үлдсэн нь коллеж болно. Энэ намраас 20 их сургуультай болно.
-Сумын сургуулиудыг есөн жилтэй болгож, сум дундын ахлах сургууль бий болгоно гэсэн. Хэдэн сургууль, дотуур байр шинээр барина гэсэн үг вэ?
-330 сум 12 жилийн тогтолцоотой байх төр талдаа ч иргэн талдаа ч, боловсрол талдаа ч давуу тал үүсгэхгүй юм байна гэдгийг харцгаалаа. Жишээ нь цөөн хүн амтай сумын 10 дугаар ангид долоо, 11 дүгээр ангид тав, 12 дугаар ангид долоон хүүхэд суралцаж байна. Тэгэхээр бид сум дундын ахлах сургуультай болно. Улсын хэмжээнд 90 орчим сум дундын ахлах сургууль байгуулах хэрэгцээ шаардлага байна. Тэгэхээр бид 90 суманд сум дундын ахлах сургууль, дотуур байр барина гэсэн үг. Мөн таван бүсэд төрөлжсөн ахлах сургууль барина. Сумын сургуульд багшилж байгаа ахлах ангийн багш нар сум дундын ахлах сургууль руу шилжин ажиллана. Энэ бүхнийг мэдээж нэг жилд хийчихгүй. Үе шатттайгаар хийнэ.
-Хөдөө сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг хална гэсэн. Яаж?
-Намайг Боловсролын сайд байхад эхэлсэн ажил л даа. “Эрдэнэт” үйлдвэрийн 160 тэрбумын санхүүжилтээр хийж байгаа ажил. Сургууль, цэцэрлэг, дотуур байр гээд нийт модон жорлонтой 1200 орчим объект байсан. Одоогийн байдлаар бид 900 орчмыг нь халчхаад байгаа. Ариун цэврийн байгууламж бариад өгчихсөн. Үлдэж байгаа 200 орчмыг нь энэ аравдугаар сарын 1 гэхэд бүрэн халчихна.
Ариун цэврийн байгууламж барьж өгчхөөд байхад модон жорлонгуудаа нураахгүй байгаа сумын удирдлагуудад хариуцлага тооцно.
-ЕБС-ийн багш, сурагчид AI туслахтай болно гэсэн. Багшийн ачаалал буурах ч хүүхдийн сэтгэн бодох чадварт AI сөргөөр нөлөөлөх юм биш үү?
-Үгүй, AI хүүхдийн сэтгэн бодох чадварт эергээр нөлөөлнө. Даалгавраа AI-аар хийлгэхийг зөвшөөрөхгүй. Даалгавраа AI-тай хамтарч хийнэ. Нэг хүүхдэд нэг AI туслах багш, нэг багшид нэг AI туслах багш гэдэг платформыг хөгжүүлж байна. Энэ есдүгээр сарын 1 гэхэд монгол хэл, математикийн багшийг AI туслахтай, энэ хоёр хичээлийг үзэж буй сурагчид AI туслахтай болно. Энэ нь монгол хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ. Бид ер нь аливааг эргэцүүлэн боддог, тунгаадаг монгол хүүхэд бэлдэх гээд байгаа юм. Ийм чадварыг эзэмшүүлбэл хүүхэд AI-ын зарц болох уу, AI-ыг зарцлах уу гэдгээ өөрөө шийднэ шүү дээ.
Энэ жил бид Google компанитай хамтраад, 100 мянган Chromebook авч ирэх гэж байна. Одоо 11 хүүхдэд нэг компьютер оногдож байна. Бид гурван жилийн дотор хоёр хүүхдийг дундаа нэг компьютер хэрэглэдэг болгоно.
Ахлах ангийн сурагчид сурах бичгийн түрээсийн мөнгө төлдөг шүү дээ. Гэр рүүгээ авч явна гэвэл сургуулиас Chromebook өгнө. Сар болгон сурах бичгийн түрээс шиг мөнгөө төлсөөр байгаад, жил юм уу хоёр жилийн дараа Chromebook-ээ өөрөө авчихна. Сургууль дээрээ ирэхэд ангид чинь ч Chromebook байна. Тэрэн дотор AI туслахууд, сурах бичгүүд байна. Ингээд ирэхээр хүүхэд 15-20 кг ном үүрч сургууль руугаа явах шаардлагагүй болно. Цаашдаа бид эцэг эхчүүдээс мөнгө авахгүй. Энэ нь нэг хүүхдийг сургаж байгаа хувьсах зардал дотроо ороод явна.
-Хүүхдийг хооронд нь уралдуулахгүй, цээжилсэн баримтад нь дүн тавих бус сэтгэлгээ, дүгнэх чадвараар нь үнэлдэг тогтолцоонд шилжинэ гэсэн. Хэзээнээс?
-Ер нь шилжээд эхэлчихсэн. Бага ангийн сурагчдад дүн тавихаа больчихсон шүү дээ. Цаашдаа сурагчдын ур чадварыг үнэлдэг тогтолцоонд шилжинэ. Нэг хүүхдэд нэг AI туслах багш өгнө гээд байгаа даа. Энэ AI чинь хүүхдийн мэдлэгийн хоцрогдол, чадварыг нь оношилно.
-Хувийн сургуулиуд урьдчилж жилээр нь сургалтын төлбөр авдгийг зогсооно гэсэн. Хувийн сургуулиуд чинь хэлэлцээрт орохыг яг зөвшөөрсөн юм уу?
-Би хувийн сургуулиудын холбоотой уулзсан. Тэр үеэр сургалтын төлбөрийн асуудал яриагүй гэж мэлзээд байна лээ. Одоо хувийн сургуулиудтай гэрээ хийнэ. Төлбөрөө бүтэн жилээр нь аваад, тэрийгээ банканд хийж мөнгө хүүлдэг байдлыг болиулна. Дэлхийн бүх орнууд төлбөрөө улирал улирлаар нь авдаг шүү дээ.
-Монгол хүүхдүүд уншсанаа ойлгож чадахгүй байна. Энэ нь уран зохиолын хичээлийн цагийг багасгасантай холбоотой юу эсвэл манай багш бэлтгэх тогтолцоонд алдаа байна уу?
-Аль, алинтай нь л холбоотой. Намраас хөтөлбөрийн шинэчлэл хийгээд, маш гоё болно. Монгол хэлийг, цагаан толгойг орчин үеийн хүүхдийн сонирхож байгаа тэр хэлбэрээр заана. Дээрээс нь тоглонгоо суралцах боломжийг бий болгоно.
-СОР17 Монголд болохтой холбоотой хичээл амрах хугацаа, намар хичээл орох хугацаа хойшлох уу?
-Үгүй байх. Яг хугацаандаа л орсон нь дээр болов уу. Би ер нь ковид, ханиад гарлаа, сургуулиудаа хаая, нээе гэдэг балмад үзэлд дургүй.
Ковидын өмнөх болон ковидын өмнөх хоцрогдол бий болчихсон. Өнгөрсөн жил багш нар 14 хоног ажил хаяж, дэлхийн хамгийн удаан ажил хаясан улс Монгол болчихлоо. Энэ чинь зөвхөн багшийн цалингийн асуудал биш сурагчид 14 хоногоор үзэх ёстой хичээл, ур чадваруудаа алдсан шүү дээ. Үүнээс болж ирээдүйд эдийн засгийн маш том хохирол үүснэ гэдгийг судалгаа хэлж буй. Дээрх гурван хоцрогдлыг гялс нөхөхгүй бол нийтээрээ анги улирах тухай асуудал гарах гээд байна. Нэг, хоёр анги улирахаар тэр хүүхдүүдийн ирээдүйд олох орлого нь багасна. Үүнийг дагаад улсын эдийн засагт сөргөөр нөлөөлнө.







