
Энэ сарын 1-нээс Амстердам хотын метро болон трамвайн буудлууд, гудамж талбайн зарлалын самбарууд дээр мах, махан бүтээгдэхүүн, махны орцтой хоол, зууш, бензин түлшээр ажилладаг автомашин, агаарын тээврийн компаниудын сурталчилгаа байршуулахыг хоригложээ.
Уг шийдвэрийн ачаар Амстердам хотын дүр төрх хотын удирдлагуудын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого зорилтуудтай нийцэж эхэлнэ гэж Нидерландын эрх баригчид үзэж байгаа аж.
Нидерландын нийслэл 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулж, иргэдийн махны хэрэглээг 50 хувиар бууруулна гэсэн зорилтуудыг тавиад байгаа аж.
НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар мал аж ахуйн хүлэмжийн хийн ялгарал нь хүний үйл ажиллагааны улмаас дэлхийн хэмжээнд ялгаруулж буй нийт ялгарлын 12 хувийг эзэлдэг байна.
Амьтдын эрхийг хамгаалах Party for the Animals намын гишүүн Анке Баккер хүмүүсийн нүдэнд тогтмол харагддаг зар сурталчилгаануудыг авч хаяснаар иргэд ч хэрэгцээгүй худалдан авалт хийх нь багасаж, хямд мах худалдан авах, шатах ашигт малтмал ашигладаг тээврийн хэрэгслээр аялахаас зайлсхийж эхэлнэ гэж үзэж байгаа аж.
Шатах ашигт малтмал, бензин түлш ашигладаг тээврийн хэрэгслүүдийн зар сурталчилгааг олон нийтийн газар байршуулахыг Франц улсад мөн Эдинбург, Шеффилд, Стокгольм, Флоренц хотуудад мөн хориглодог байна.







