
Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Рио тинто групп Монголын талын Оюутолгой ХХК-ийн хуулийн захирлыг Монгол улсыг төлөөлдөг удирдах зөвлөлийн гурван төлөөлөгчид мэдэгдэлгүй чөлөөлсөн гэх утгатай мэдээлэл цахим орчинд нийтлэгджээ.
Монголын талын Оюутолгой ХХК-ын хуулийн асуудал эрхэлсэн захирлын албан тушаал нь эрэмбээрээ дээрээсээ гуравт эрэмбэлэгддэг албан тушаалд томилогдох, чөлөөлөх асуудлыг компанийн ТУЗ-ийн түвшинд хэлэлцэж шийдвэрлэх байсан ч том толгойлон Монголын талын ТУЗ-ийн гишүүдэд мэдэгдээгүй аж.
Дээрх асуудлаар Монгол улсыг төлөөлөн Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд гишүүнээр ажилладаг Э.Мөнхтүвшин өөрийн байр суурийг цахим хуудсаараа дамжуулан нийтэлжээ.
“Оюутолгойн хуулийн захирал ажлаа өгч, шинэ хүн нь шалгараад долоон сард ажилдаа орсон талаар гадуур өөр танилаас сая л сонслоо. Шинэ хуульчийн талаар монгол талын ТУЗ-ийн гишүүдэд мэдээлэл албан ёсоор огт өгөөгүй.
Түрүү жил ОТ гүйцэтгэх захирал солигдож байхад мөн адил монгол талд ямар ч мэдээлэл өгөлгүй, шууд олон нийтэд зарласан. Энэ талаар ОТ болон Рио-д шаардлага хүргүүлсэн, мөн олон нийтэд мэдээлсэн.
Компанид Гүйцэтгэх захирлаас гадна хамгийн чухал алба бол санхүүгийн захирал болон хуулийн захирал. Эдгээр албан тушаалтнуудын өөрчлөлт, шинэ томилгооны талаар заавал ТУЗ-тай зөвшилцөх хэрэгтэй.
Монгол талаас нээх тийм экстрим үзэл бодол, шаардлага бол огт тавиагүй. Сайн анзаараарай. Бид олон улсын стандарт, жишгийн дагуу хамтрагч нар байя л гэж шаардаж байгаа.
ОТ дээр засаглал болохгүй байгааг зөвхөн ийм энгийн зүйлээс дахин харж болно. Монгол талын оролцоо байхгүй, ОТ удирдлага нь ТУЗ-дөө хариуцлага хүлээдэггүй.
Бүх юмыг Ерөнхий Сайдын түвшинд л хүргэж ярина гэж байхгүй шүү” гэжээ.







