
Монгол Улсын татварын багц хуулийн шинэчлэл нь өргөн хүрээг хамарч, иргэд, аж ахуйн нэгж, хэрэглээний бүтцэд зэрэг эерэг нөлөө үзүүлэхээр байгааг Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хууль буюу Татварын Ерөнхий хууль, ХХОАТ, ААНОАТ гэсэн үндсэн татвартай холбоотой хуулиуд болон дагалдах хуулиудыг УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжсэн байна.
Энэ удаагийн татварын шинэчлэлийг тоон үзүүлэлтээр задлав,
Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ.
1.Иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно.
2.Татварын шударга байх зарчмыг хангах зорилгоор үйл ажиллагааны орлогыг хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 1 тэрбум төгрөгөөр тогтоож борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлөх боломж олгоно.
3.Иргэдийн амьдран сууж буй орчноо сайжруулахыг дэмжих зорилгоор татвар төлөгч өөрийн өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан тохиолдолд үл хөдлөх борлуулсны албан татвараас чөлөөлнө.
4.Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тайлан тушаах, албан татварыг төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгалаа.
Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, татварын ачааллыг бууруулна.
1.Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын 1 хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөнө.
2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж эхлэх татвар ногдуулах орлогын босгын хэмжээ 6 тэрбум байсныг 10 тэрбум болгон, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувиар татвар ногдуулан хөнгөлөлт үзүүлнэ.
3.Бизнес эрхлэгчдийг бизнесээ идэвхжүүлэх, тэлэх бололцоогоор хангаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгоно.
4.Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах зорилгоор татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшинтэй уялдуулан дотоодын болон импортын НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгажээ.
Түүнчлэн татвар, гаалийн байгууллагыг татвар төлөгчдөд зөвлөн туслах чиг үүрэг давамгайлсан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлэх дараах арга хэмжээг хуулийн төсөлд тусгасан болно.
Үүнд:
1.Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гааль, татварын алба татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлон татвар төлөгчид мэдэгдэж, татварын тайлан, ногдлоо татвар төлөгч өөрөө засах, зөрчлөө арилган татварын эрсдэлээс сэргийлэх боломжийг олгоно.
2.Татварын өртэй татвар төлөгчийг бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор банкин дахь дансыг бүхэлд нь битүүмжлэх бус дансанд ирээдүйд орох орлогын 80 хувийг битүүмжлэлд хамруулж, үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
3.Татвар төлөгчийг алдаа, зөрчлөө өөрөө арилгах боломжийг бүрдүүлэх зорилгоор татварын тайланг залруулах хугацааг 2 жил болгоно.
4.Татвар төлөгчид их хэмжээний алданги тооцуулах эрсдэлээс хамгаалах зорилгоор алдангийн дээд хэмжээг Иргэний хуульд заасан хэмжээтэй уялдуулан тогтооно. Түүнчлэн, татварын актад гомдол гаргасан тохиолдолд алданги, торгууль нэхэмжлэхгүй, маргаан эцэслэн шийдвэрлэсний дараа хураахаар тусгасан байна.
Түүнчлэн шаталсан татварын тогтолцооны хүрээнд импортолсон суудлын автомашины гаалийн үнийн 100.0 мянган америк доллароос давсан хэсэгт нэмж 33 хувиар татвар ногдуулах зохицуулалтыг Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусган боловсруулжээ.








