
БНХАУ-ын Саньяа хотод болж байгаа Азийн элсний наадмын бөхийн төрөлд медальтнууд тодорлоо
Элсний бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тамирчин оролцсон. Тодруулбал эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Эрдэнэцэцэг, +70 кг-ын жинд З.Болортунгалаг, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Төрболд, +90 кг-ын жинд Ч.Алтангэрэл нар хүч үзлээ.
Баг тамирчдаам З.Болортунгалаг мөнгө, Г.Төрболд хүрэл медаль хүртлээ. З.Болортунгалаг хэсгийн шатанд БНХАУ, БНСУ, Тайванийн тамирчдыг дараалан ялаад хагас шигшээд Казахстаны Алина Ертостикийг 3:0-ээр буулган авчээ. Харамсалтай нь алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Прияад дийлдсэн байна.
Эрчүүдийн 90 кг-д өрсөлдсөн Г.Төрболд хэсэгтээ хоёр ялж, нэг унасан юм. Ингээд шөвгийн наймд Тажикистаны тамирчныг илүүрхсэн ч хагас шигшээд Пакистаны Инам Мохаммедад ялагдав.
Улмаар хүрлийн төлөө БНХАУ-ын Ли Пэй Лоныг 3:1-ээр ялжээ.
Ийнхүү Азийн элсний наадамд оролцсон манай тамирчдын тэмцээн өндөрлөлөө. Монголын баг найман төрөлд 51 тамирчинтай оролцоод нэг мөнгө, гурван хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ.
Фото: Спортын гэрэл зургийн сурвалжлагч Ч.Ганбат








