
УИХ дахь АН-ын бүлэг пүрэв гараг бүрийн 11.00 цагт хэвлэлийн хурал хийдэг.
Энэ үеэр АН-ын Эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв “Нууцад авах замаар гэрээнүүдийг олон нийтэд ил тод мэдээлэхээ больсон. Иймд АН-ын О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд Нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад, өргөн барьчихсан байгаа. Энэ хууль батлагдвал олон асуудал ил тод нээлттэй болгоход ахиц гарах байх.
Хэдхэн хоногийн өмнө олон улсын эдийн засгийн эрх чөлөөний индексийг зарласан. Монгол Улс 63 оноотойгоор дэлхийн 180 гаруй улсаас 69 дүгээр байранд орсон байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний нөхцөл байдлын 60 орчим оноо буюу хагас эрх чөлөөтэй гэсэн түвшинд гацчихсан байдалтай байна. эдийн засгийн эрх чөлөөний индексийн цаана тэр улсын татварын дарамт нь хэр байна. Төр нь хэр авлига багатай байгаа юм. Эдийн засаг бизнесийн орчин хэр нээлттэй байгаа юм гэх мэт олон үзүүлэлтийг авч үздэг. Энэ үзүүлэлт сайн байх нь хөрөнгө оруулалт өсөх, иргэдийн орлого нэмэгдэхэд шууд нөлөөлдөг.
Гэтэл Монгол Улсын хувьд эдийн засгийн эрх чөлөөний индексээрээ яагаад ийм бага оноо авсан бэ гэхээр Монголын төр эдийн засгийнхаа өсөлт, нээлттэй байдлыг боомилж байгааг энэ удаагийн судалгаа нотолж байгаа. Дөрвөн бүлэг, 12 үзүүлэлтээр энэ индексийг гаргадаг юм. Энэ дотроос хуулийн засаглал буюу төрийн үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн адагт хамгийн хаалттай буюу улны улсуудын түвшинд явж байгаа. Жишээлбэл, Төрийн шударга байдал буюу авлигал дээр 100-аас 35 оноотой. Хууль шүүх дээр мөн 50 орчим оноотой. Өмчийн эрхийн хамгааллаар 40 гаруй оноотой гэх мэтчилэн Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн боломжийг төр хамгийн их хязгаарлаж байна.
Иймд АН-ын зүгээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг санаачилсан. Удахгүй өргөн барина. Мөн тавдугаар сарын эхээр АН “Гэрэгэ” тинк танктай хамран бизнесийн чуулга уулзалт зохион байгуулна. Энэ үеэр эдгээр асуудлыг нээлттэй хэлэлцэнэ” гэлээ.








