
Улс эх орны салбар бүрт дараагийн залгамж халаагаа бэлтгэх маш чухал. Иймээс ч дэлхий дахинаа спортын салбартаа ирээдүйн залгамж чанарыг бэлтгэхэд эртнээс онцгойлон анхаарч ажилласаар иржээ. Харин Монгол Улсад ч энэхүү жишгээр дотооддоо зохион байгуулдаг томоохон наадмууд бол Оюутны спортын их наадам, Хүүхдийн спортын их наадам юм.
Энэ ч утгаараа Оюутны спортын их наадмыг 2 жил тутамд Монголын Оюутын спортын холбооноос тогтмол зохион байгуулж, улсын аваргуудаа тодруулдаг уламжлалтай.
Одоогийн байдлаар зуны спортын 14, өвлийн спортын 1 гээд нийт 15 төрлөөс тавд нь медалийн эзэд тодорч, шилдгүүдээ шалгаруулаад байна.

Монголын Оюутны спортын VII наадмын хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр (2026.04.16) зохион байгууллаа. Тус хурал “Оюутны биеийн тамирын боловсрол, спортын хөгжил-2026” нэрийн дор болж өндөрлөв. Уг хуралд нийт 11 их, дээд сургуулийн 12 судлаач оюутан илтгэлээ ирүүлэн, хэлэлцүүллээ. Ингэснээр бүтээлээрээ шалгарсан оюутнуудын үр дүнд их, дээд сургуульд нь спортын их наадмын хүрээнд оноо нэмэгдэх ажээ.


Энэхүү хурлын үеэр зохион байгуулагч нарын төлөөлөлтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


Монголын Оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, ШУ-ны доктор(Sc.D), Профессор Л.Гүндэгмаа: Оюутан тамирчдыг судалгаа шинжилгээний үндэслэл, арга барилтай болгох зорилготой
-Оюутны спортын наадмын 7 дугаар наадмын хүрээнд тэдний дунд эрдэм шинжилгээ судалгааны онол практикийн бага хурлыг Үндэсниий биеийн тамирын их сургуулиас зохион байгуулж байгаа. Энэ хуралд 11 сургуулийн 12 оюутан илтгэлээ ирүүлэн хэлэлцүүлж байна. Арга хэмжээнд оролцсон оюутан бүр оролцооны нэг оноог сургуульдаа авч байгаа гэсэн үг.
Оюутнууд их сонирхолтой сайхан илтгэлүүдийг ирүүлэн, энд эрдэмтэн, доктор, судлаач багш нартай хамтдаа хэлэлцүүлж байна. Голдуу оюутан залуус өөрсдөө биеийн тамир, спортоор хичээллэхэд тулгамдаж байгаа асуудал, тэднийг сурч, хөгжих боловсроход мөн төлөвшихөд ямар бэрхшээл байдаг вэ, эндээс яаж гарах вэ зэрэг маш олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлж байна. Эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь оюутан тамирчдыг судалгаа шинжилгээний үндэслэлтэй, судалгааны арга барилтай болгох зорилготой юм.


ҮБТИС-ийн ректор, МУГБ, ШУ-ын доктор(Sc.D), Профессор, ОУХМ Л.Алтанцэцэг:
-Оюутны спортын наадмын хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг Үндэс биеийн тамирын их сургуулийн хамт олон 35 жилийнхээ ойн хүрээнд зохион байгуулж байна. Олон оюутан залуус өөрсдийнхөө спортын төрлөөр, спортын шинжлэх ухааны талаар анатоми, физиологи, мөн био механик гэсэн одоо спортын шинжлэх ухаануудын төрөл тус бүрээр сонирхолтой илтгэлүүдийг ирүүлжээ. Мөн мэргэжлийн бус болон өөрөөр хэлбэл Анагаахын Их Сургууль, Төмөр замын их сургууль ч юм уу ийм сургуулиуд маань ингэж бидэнтэй биеийн тамирын мэргэжлийн сургуулиудтай хамтарч оролцож буйд маш их баяртай байна. Тэгээд жинхэнэ ид дундаа одоо явагдаж байгаа оюутны УАШТ-ий хүрээнд энэхүү онол практикийн эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулж буй нь нэг ололт юм.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг бүтэн үзэх линк:








