
2025 оны байдлаар ОХУ болон БНХАУ-ын газрын тосны экспорт, импортын урсгалын талаар сонирхолтой тоон мэдээлэл гарчээ.
Энэхүү мэдээлэл нь бүс нутгийн эрчим хүчний нийлүүлэлтийн чиг хандлага, Монгол Улсын эзлэх байр суурийг тодорхой харуулж байна.
ОХУ-ын газрын тосны экспорт:
2025 онд ОХУ нийт 238 сая тонн газрын тосыг жилд экспортолж байна. Өдөрт дунджаар 653 мянган тонн. 80% нь БНХАУ болон Энэтхэг рүү чиглэж байхад ердөө 1%-ийг Монгол Улс авч байгаа бөгөөд энэ нь ойролцоогоор 2.7 сая тонн газрын тос юм.
БНХАУ-ын газрын тосны импорт:
БНХАУ 2025 оны байдлаар жилд нийт 578 сая тонн газрын тос импортолж, өдөрт дунджаар 1.6 сая тонн импортлодог.
Өдөр бүр дунджаар 58.5 мянган тонн нефтийг нөөцөлж байгаа. Одоогийн нийт нөөц нь 164–200 сая тонн орчим байна.
Эдгээр тоон үзүүлэлтээс харахад БНХАУ нь дэлхийн хамгийн том газрын тос импортлогчдын нэг хэвээр байгаа бол ОХУ-ын экспорт Азийн зах зээл, ялангуяа БНХАУ, Энэтхэг рүү эрчимтэй чиглэж байна. Харин Монгол Улс ОХУ-ын газрын тосны экспортын маш бага буюу 1%-ийг л авч байгаа нь эрчим хүчний хараат байдлын асуудал, нийлүүлэлтийн бүтэц ямар байгааг илтгэж байна.
Цаашид бүс нутгийн эрчим хүчний бодлого, дэд бүтцийн хөгжил Монгол Улсын импортын хэмжээнд нөлөөлөх гол хүчин зүйл болох төлөвтэй байна.
Газрын тосны үнэ урт хугацаандаа буурна
Газрын тосны үнэ 2026 онд өсөж, 2027 онд дахин буурах төлөвтэй байна. Олон улсын санхүү, эрчим хүчний байгууллагуудын шинжээчид газрын тосны үнийн ойрын жилүүдийн төлөвийг өсөлт, дараагийн бууралтын мөчлөгтэй байна хэмээн таамаглажээ. Энэхүү төсөөлөлд дэлхийн томоохон байгууллагууд болох J.P.Morgan, Goldman Sachs, IEA, EIA, Reuters, Bloomberg-ийн судалгаа багтсан байна.
Үнийн таамаглал (2025–2027)
- 2025 он: баррель нефтийн үнэ 55–75 ам.доллар
- 2026 он: үнэ өсөж 65–80 ам.доллар
- 2027 он: дахин буурч 55–65 ам.доллар болох төлөвтэй.
Сүүлийн жилүүдийн WTI төрлийн нефтийн спот үнийг харвал:
- 2022 онд оргил үедээ 114.8 ам.доллар хүрсэн
- 2023 онд 89.4 ам.доллар болж буурсан
- 2025 онд 62.2 ам.доллар, зарим үед 58.0 ам.доллар орчимд хэлбэлзэж
- 2026 онд 91.0 ам.доллар хүрэх боломжтой гэж үзэж байгаа бол
- 2027 онд 66.0 – 59.0 ам.доллар хүртэл буурах хандлагатай байна.
Үнийн өөрчлөлтийн шалтгааныг олон улсын шинжээчдийн тайлбарлаж буйгаар,
“Ойрх Дорнодын бүс нутгийн геополитикийн эрсдэл, нийлүүлэлтийн саатал нь үнийн өсөлтийг түр хугацаанд дэмжиж байна
2026 онд дэлхийн газрын тосны нийлүүлэлт нэмэгдэж, өдөрт 1 сая баррель орчим өсөх хүлээлттэй. Харин урт хугацаанд эдийн засгийн өсөлт саарах, эрэлт буурах нь үнийн бууралтад нөлөөлнө” гэж тайлбарлаж байна.
Ирэх хоёр жилд газрын тосны зах зээл өндөр савлагаатай хэвээр байх төлөвтэй байна. 2026 онд богино хугацааны өсөлт ажиглагдах ч 2027 оноос нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт сулрахын хэрээр үнэ тогтворжиж буурах магадлал өндөр гэж шинжээчид үзэж байна.
Энэ нь импортлогч орнуудын хувьд зардлын дарамт богино хугацаанд нэмэгдэх ч урт хугацаанд харьцангуй тогтворжих дохио болж байна.
Газрын тосны үйлдвэрлэл, хэрэглээг АНУ тэргүүлж, дэлхийн эрэлт 102.8 сая баррельд хүрчээ
2025 оны газрын тосны үйлдвэрлэл, хэрэглээний тоон мэдээллээс харахад дэлхийн эрчим хүчний зах зээлд АНУ ноёрхсон хэвээр байгаа бол Хятад, Энэтхэг хэрэглээгээрээ хүчтэй байр суурь эзэлж байна.
2025 онд газрын тосны үйлдвэрлэгч ТОП-10 улс:
- АНУ – өдөрт 21.9 сая баррель (дэлхийн 22%)
- Саудын Араб – 11.1 сая баррель (11%)
- ОХУ – 10.8 сая баррель (11%)
- Канад – 5.8 сая баррель (6%)
- БНХАУ – 5.3 сая баррель (5%)
- Ирак – 4.4 сая баррель (4%)
- Бразил – 4.3 сая баррель (4%)
- АНЭУ – 4.1 сая баррель (4%)
- Иран – 3.9 сая баррель (4%)
- Кувейт – 2.9 сая баррель (3%)


АНУ дангаараа дэлхийн газрын тосны үйлдвэрлэлийн тавны нэгээс илүүг бүрдүүлж байна гэсэн үг.


2025 онд газрын тосны хамгийн их хэрэглээтэй улсууд,
- АНУ – өдөрт 20.0 сая баррель
- БНХАУ – 15.1 сая баррель
- Энэтхэг – 5.1 сая баррель
- Дараагийн байруудад ОХУ, Саудын Араб, Япон, Бразил, БНСУ, Канад, Герман орж байна.
Мөн АНУ, Хятад хоёр нийлээд дэлхийн хэрэглээний хамгийн том хэсгийг бүрдүүлж байна.
Дэлхийн газрын тосны зах зээлийг харвал өдрийн нийт хэрэглээ нь 102.8 сая баррель, харин өдрийн үйлдвэрлэл нь ойролцоогоор 100 сая баррель байгаа нь зах зээлд эрэлт өндөр хэвээр, томоохон эдийн засгууд гол хэрэглэгч хэвээр байгааг илтгэнэ.
Монголын хувьд “боломж + эрсдэл” зэрэгцэж байна
Эдгээр тоо баримтаас харахад:
ОХУ – Азид бүрэн шилжиж
Хятад – дэлхийн хамгийн том худалдан авагч хэвээр
АНУ – зах зээлийн “жингийн төв”
Үнэ – мөчлөгт хэлбэлзэлд орж байна. Харин Монголын хувьд нэг эх үүсвэрээс хамааралтай, үнийн савлагаанд шууд өртөх эрсдэлтэй ч БНХАУ руу чиглэсэн урсгалын дамжин өнгөрөх байрлал, дотоод боловсруулах үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулах, бүс нутгийн ложистикийн зангилаа болох зэрэг боломж байна.
Дэлхийн газрын тосны урсгал “Баруунаас Зүүн рүү” эргэлээ. Харин энэ шинэ зураглалд Монгол Улс зөвхөн хэрэглэгч хэвээр үлдэх үү, эсвэл дамжин өнгөрөх стратегийн тоглогч болох уу гэдэг нь бодлого, дэд бүтэц, хөрөнгө оруулалтаас шууд хамаарах шийдвэрлэх үе дээр ирээд байна.









