
Бусдыг залилах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Үүнийг цагдаагийн байгууллагаас гаргаж буй тооноос харж болохоос гадна бусдад залилуулсан иргэдийн гомдол, мэдээллээс бүр тодорхой харагдаж байна.
Цагдаагийн байгууллагад жилд бүртгэгдэж буй залилах гэмт хэргийн нийт тоо хэдэн арван мянгаар хэмжигддэг.
- 2024 онд 15,889 залилангийн хэрэг
- 2025 онд 16,906 залилангийн хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 35.6%-ийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Монголд бүртгэгдсэн 3 гэмт хэрэг тутмын 1 нь залилан. Энэ бол зүгээр нэг статистик биш, өдөр бүр олон арван хүн залилах гэмт хэргийн хохироч болж байна гэсэн үг.
Үүний дотор орон сууц, үл хөдлөх хөрөнгийн залилан тогтмол өсөх хандлагатай гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлдэг.
Ялангуяа баригдаж дуусаагүй байр урьдчилж борлуулах, нэг байрыг олон хүнд давхар худалдсан, хуурамч гэрээ, зуучлал зэргээр иргэдийг хэдэн мянгаар нь хохироож байгаа бол байрны үнийг 100% төлчихөөд байхад хутга, зэвсэгтэй том залуучуудаар айлган худалдаж авсан байрнаас нь эд хогшлийг нь ачиж яваад, өөрийг нь байрнаас нь хөөж гаргаад одоо орох орон, оочих аягагүй үлдсэн нэгэн иргэн бидэнд хандсан юм.
Тухайн иргэн “Нарантуул трейд” ХХК-ийн SS garden хотхонд 800 сая төгрөгөөр 4 өрөө байр худалдан авахаар тохирсон бөгөөд урьдчилгаа 300 сая төгрөг шилжүүлж, түлхүүрээ авсан байна. Яг энэ компаниас өмнө нь аав, ээж нь байр авч байсан учраас эргэлзэхгүйгээр гэрээ хийлгүй, аман тохироо хийж, урьдчилгаа төлбөрөө төлсөн байна.

Ингээд 2022-2026.02.09-ний өдрийг хүртэл тус байрандаа амьдарсан. Амьдарч байх хугацаандаа байр худалдсан, худалдан авсан гэрээгээ хийх хүсэлтээ бүх талаар тавьсан ч “Нарантуул трейд” ХХК-ийн зүгээс захирлууд эзгүй эсвэл захирлуудын хүүхэд нэр дэвшиж байна гэх зэрэг элдэв шалтаг хэлж, хойшлуулсаар өдийг хүрчээ.
Хохирогч иргэний хэлж буйгаар “Захирал байж бай гэсэн, Ш.Сайхансамбууг, эхнэр Ш.Оюунсогоо нарын хүүхэд С.Наранбат, С.Эрдэнэтуул нар сонгуульд оролцож байна. Энэ үеэр бид үл хөдлөх хөрөнгө шилжүүлж болохгүй байна гэдэг байсан” гэлээ.
Opendata мэдээллийн санд “Нарантуул трейд” ХХК нь УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн эхнэр Ш.Оюунсогоо захирлаар ажилладаг хэмээн бүртгэгдсэн байна.


2026.02 сард “Нарантуул трейд” ХХК-ийн зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол байрны ус, цахилгаан тасална, хотхон руу орох эрхийг хязгаарлана гэсэн бичиг наасан байжээ. Иргэн тухайн үед нь үлдэгдэл 500 сая төгрөгийг шилжүүлжээ.


Гэвч нэг өдөр Иргэн О-г гэртээ байхгүй, эзгүй хойгуур зэвсэглэсэн олон эрчүүд цуглуулан гэрийг нь нүүлгэсэн байгаа юм. СӨХ-оос бичлэг авахыг хүссэн ч тухай компанийн харьяа учраас бичлэг огт гаргаж өгөөгүй бөгөөд Иргэн О өөрийн биеэр бичлэг хийж, зураг авчээ. Иргэн О-ийн гэрт байсан эд хогшил, үнэт эдлэл бүгдийг нь зөөжээ.






Иймээс иргэн О шүүхэд хандсан ч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдээгүй бөгөөд асуудлыг удаашруулсаар байна.
Энэхүү хэрэг шүүх, цагдаагийн шатанд 2 сар саатсан нь “эрх мэдэлтэй тал хуулиас дээгүүр алхаж байна уу” гэх хардлагыг төрүүлж байна. Орон сууцны залилан зөвхөн “цаасан дээрх” барилгаар зогсохгүй, “байгаа байшин” дээр ч ийнхүү улайм цайм үйлдэгдэж байна.
Харин “Нарантуул трейд” ХХК-ийн захирал Ш.Оюунсогоотой холбогдож дээрх иргэний хэргийн талаар тодруулахад, “Байр үзнэ гэж түлхүүр авч яваад 3 жил алга болчихоод, манайхтай гэрээ хийгээгүй, байранд 3 жил байрлачихаад хэл ам хийгээдл байгаа юм. Бид наад хүнийг чинь олохгүй байгаа юм. Шөнөдөө ирж хоночихоод явдаг хүн. Дэмий юм ярихгүй, шүүх цагдаагаасаа мэдээлэл ав. Бид ч гомдлоо гаргана” гэлээ.
Гэтэл иргэн О өнгөрсөн 3 жилийн хугацаанд СӨХ-ийн, байр ашиглалтын, усны төлбөр гэх мэт сар бүрийн бүх төлбөрөө төлөөд амьдарч байсан. Борлуулалтын менежер болон Ш.Оюунсогоо захирлын хаус ч тухайн иргэний байрны өмнө байрладаг гэж хэлсэн юм.
Сэрэмжлүүлэг: Сүүлийн зургаан жилд орон сууцны залилангийн гэмт хэрэг огцом өслөө. Иргэн та албан ёсны гэрээгүйгээр нэг төгрөг ч бүү шилжүүл!








