
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг чуулганаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Хүүхдийн төлөө сангийн үлдэгдлийг надаас байнга асуудаг. Хэдэн төгрөг байгаа вэ? Яагаад зарцуулахгүй байгаа юм. Олон улсын тэмцээн, уралдаанд оролцоод ирсэн хүүхдүүдээ шагнаж чадаж байгаа юу. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дунд спортын уралдаан, тэмцээндээ бэлдэхэд нь хүртэл зардал гаргадаг шүү дээ.
Ерөнхий сайд Н.Учрал: Автомашины дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогыг нь Хүүхдийн төлөө санд төвлөрүүлдэг шүү дээ. 2024, 2025 онуудад хэдэн төгрөг төвлөрсөн бэ гэдгээ хэлэх хэрэгтэй.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ТНБД Л.Мөнхзул: Анх хүүхдийн төлөө санг иргэд, ААН-үүдийн сайн дурын санаачилгын үндсэн дээр байгуулсан. Анхны хөрөнгийн эх үүсвэрт 2 тэрбум 77 сая төгрөгийн хандив цугларсан. 2024 онд сонирхол татахуйц автомашины улсын дугаарын борлуулалтын орлогоос 10 тэрбум 992 сая төгрөг, 2025 онд 5.4 тэрбум төгрөг төвлөрсөн. 2025 оны эцсийн байдлаар 29.4 тэрбум төгрөг Хүүхдийн төлөө санд байна.
Өнгөрсөн хугацаанд буюу 2021 оноос хойш 1.8 тэрбум төгрөгийг олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргасан хүүхдүүдийн шагналд олгосон. Мөн олон улсын тэмцээнд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зардлыг гаргасан.
2025 оны 9 сарын 1-ний өдөр хуралдсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлаар 7.1 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулахаар шийдвэр гарсан. Үүний худалдан авах ажиллагаа нь хийгдэж байгаа.







