
Хүүхдийн ирээдүй дэлгэцэнд биш номын хуудсанд бичигддэг
Сүүлийн жилүүдэд гэр бүлүүд хамтдаа сууж байгаа хэр нь харилцан яриа багасч, оронд нь хүн бүр өөрийн дэлгэц рүү ширтэх болсон нь худал биш. Эцэг эхчүүд гар утсаа үзэж, хүүхэд ч мөн адил богино бичлэг, тоглоомд анхаарлаа төвлөрүүлэн сууна. Энэ бүхнийг гаднаас нь харахад тайван, дөлгөөн уур амвсгалтай айл шиг харагдах хэдийч энэ чимээгүй байдалд “амьд” харилцаа, нэгэндээ тавих анхаарал, хамтдаа бодож мэдрэх боломж алдагдаж байдаг.
Бага, өсвөр насны хүүхдүүдийн ихэвчлэн үзэх болсон богино, тасалдсан агуулгад дассан тархи аливааг гүнзгий тунгаан бодохоос илүү хурдан сольж, өнгөц хүлээж авах хандлагатай болдог. Судлаачид ч үүнийг анхааруулж, анхаарал төвлөрөх чадвар буурах, урт хугацаанд бодох, төсөөлөх чадвар сулрах эрсдэл нэмэгдэж байгааг онцолдог.
Гэвч энэ нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга бол ном унших дадал юм.
Ном зөвхөн мэдээлэл өгдөг хэрэгсэл гэхээс илүүтэй хүний сэтгэхүйг гүнзгийрүүлж, төсөөллийг нь хөгжүүлж, хэл яриаг нь баяжуулдаг “ертөнц” юм. Ном уншдаг хүүхдүүд үгийн баялаг сайтай, бодлоо илэрхийлэх чадвар өндөр, асуудлыг олон талаас нь харж дүгнэх хандлагатай байдаг нь олон судалгаагаар батлагдсан байдаг.
Хүүхэд ном унших явцдаа тухайн номын ертөнцөд орж, өөр хүний байр сууринаас аливааг мэдэрч сурдаг. Энэ нь сэтгэл зүйн хөгжилд чухал нөлөө үзүүлж, бусдыг ойлгох, тэвчээртэй сонсох, зөв бурууг ялгах чадварыг төлөвшүүлдэг. Өөрөөр хэлбэл ном бол оюуны төдийгүй ёс зүйн боловсролын нэг чухал хэрэгсэл юм.
Гэхдээ хүүхдийг номонд дурлуулах асуудлыг зөвхөн “унш” гэсэн шаардлагаар шийдэх боломжгүй. Энэ дадал гэр бүлийн орчноос ялангуяа эцэг эхийн оролцооноос шууд хамаардаг. Хүүхэдтэйгээ хамт ном унших, уншсан зүйлээ ярилцах, асуулт асууж бодлыг нь хөгжүүлэх нь унших үйл явцыг сонирхолтой болгож, дадал болгон төлөвшүүлэхэд чухал нөлөөтэй.
Судалгаанаас харахад эцэг эхтэйгээ хамт ном уншдаг хүүхдүүдийн анхаарал төвлөрөх чадвар илүү сайн, суралцах хандлага тогтвортой байдаг. Мөн энэ нь гэр бүлийн дотно харилцааг ч бэхжүүлэх эерэг нөлөөтэй.
Хүүхдийн тань гарт байгаа нэг ном маргаашийг шууд өөрчлөхгүй байж болох ч урт хугацаандаа түүний сэтгэхүй, үнэт зүйлс, хандлагад гүнзгий нөлөө үзүүлдэг. Харин эсрэгээрээ бид хүүхдэдээ анхаарал хандуулах ёстой цагтаа дэлгэцэд анхаарлаа хэт төвлөрүүлбэл ирээдүйд тэд бидэнтэй харилцах сонирхол нь багасах эрсдэлтэй.
М.Солонго









555