
Хаашаа ч хамаагүй явмаар, гадаа салхилаад л баймаар, хайрын дуу аялмаар… Тэгсэн хэр нь нойр хүрээд, бие нэг л сулраад, залхуураад байх үе хавар бүр ирдэг шүү дээ.
Энэ мэдрэмж зүгээр нэг “сэтгэл санааны өөрчлөлт” биш юм байна. Өвлийг давж гарсан бидний бие энергиэ багагүй зарцуулчихсан байдаг. Харин хавар болох үед тэр нөөц багасч, дархлаа суларч, ядрах, нойрмоглох, сэтгэл савлах зэрэг шинжүүд илэрдэг аж.
Тийм болохоор “би яагаад ийм болчихов?” гэж өөрийгөө буруутгах хэрэггүй. Харин энэ үед биеэ жаахан илүү анхаарч, зөв хэмнэлд оруулах л чухал.
🌿 Хоолондоо жаахан анхаараарай
Хавар болохоор хүмүүс “хөнгөн хоол идье” гээд салат, жимс рүү хэт хэлбийх нь бий. Гэхдээ энэ үед бие чинь дулаан, илчлэг ихтэй хоол илүү хүсдэг.
- Халуун, тослог, шимтэй хоол идэх
- Борц, мах, шар тос, цөцгий зэрэг уламжлалт хүнс хэрэглэх
- Хэт хүйтэн ундаа, зайрмагнаас түр зай барих


🌬️ “Ганган” биш, дулаан байхад анхаараарай
Нар гарлаа гээд шууд нимгэн хувцас өмсчихдөг үү? 😄
Хаврын салхи бол зүгээр нэг салхи биш биеийн дулааныг маш хурдан “сорчихдог”. Ялангуяа:
- Шагай
- Нуруу
- Хэвлий
эдгээр хэсгээрээ даарвал ядаргаа амархан нэмэгддэг. Тэр дороо даараагүй мэт санагдсан ч дараа нь бие сулраад ирдэг нь үүнтэй холбоотой.


😴 Нойр чинь ихсээд байна уу, эсвэл бүр хүрэхгүй байна уу?
Хавар хүмүүс хоёр янз болдог:
- Нэг хэсэг нь байнга нойрмоглоно
- Нөгөө хэсэг нь шөнө унтаж чадахгүй
Аль аль нь хэвийн. Гол нь нойрны чанараа жаахан анхаарах хэрэгтэй.
Жижигхэн зөвлөгөө:
- Унтахын өмнө утсаа бага оролд
- 30 минут дотор унтаж чадахгүй бол босоод тайвшрах зүйл хий
- Орой кофе, цайгаа багасга
Нойр сайн авч чадвал хаврын ядаргаа бараг талдаа арилдаг шүү.

💧 Ус уухдаа хүртэл цагийг нь бодоорой
Хавар ус уух хүртэл “дүрэмтэй” байдаг гэхээр сонин байгаа биз?
- Өглөө өлөн дээрээ бүлээн ус уух
- Өдөр усaa сайн уух (хамгийн их хэрэгтэй үе)
- Орой болохоор усаа багасгах
Унтахын өмнө их ус уучихвал нойр тасалдахаас гадна биеийг ядраадаг.

💛 Тэгээд энэ гэгэлзэл чинь юу юм бэ?
Хавар болохоор сэтгэл хөдлөм, романтик болоод, гэнэт амьдралд дурлачих шиг санагддаг нь зүгээр нэг тохиолдол биш.
Нарны тусгал нэмэгдэж, байгаль сэргэхтэй зэрэгцээд бидний биед дааврын өөрчлөлт явагдаж, эрч хүч “сэрдэг”. Тийм болохоор:
- Хаа нэг тийш явмаар санагдах
- Шинэ зүйл эхлүүлмээр болох
- Хэн нэгнийг санаад эхлэх 😄 энэ бүхэн чинь хэвийн, бүр гоё мэдрэмж юм.
Хавар бол өөрийгөө шахах биш, харин өөрийгөө ойлгож, зөөлөн хандах үе.

Жаахан ядраад байвал амраарай.
Нойр хүрээд байвал унтаарай.
Гэгэлзээд байвал… мэдрэмжээ дага ❤️












555