
“Монгол ноолуур-2026” ноолуурын дуудлага худалдаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өнгөрөгч амралтын өдрүүдэд болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ноолуур Дорнодод 200 мянга, Сүхбаатарт 198 мянган төгрөгийн ханштай байна.
Засгийн газрын тогтоолоор Сүхбаатар аймагт ноолуурын дуудлага худалдаа болсон. Дуудлага худалдаанд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 гаруй ААН оролцон үнэ хаялцаж, “Гоёл кашмер” компани кг ноолуурыг 198 мянган төгрөгөөр бодож, малчдын гар дээрээс авахаар болсон. Ноолууын үнэ ханш зах зээлийн зарчмаар тогтоно. Гэхдээ бидний зүгээс дотоодын компаниуддаа 450 хүртэл тэрбум хүртэлх хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа. Ноолуурыг түүхийгээр нь гаргахгүй гэдэг шийдвэрийг төр засаг маань гаргасан. Үндэсний компаниудад дотоодоосоо түүхий ноолуур худалдаж авч, боловсруулаад, бэлэн бүтээгдэхүүн хийж, гадагш нь гаргах боломжийг хангаж байгаа учраас та бүхэн малчдын гар дээрээс өндөр үнээр авах нь зүйтэй гэдэг саналыг бид тавьж байгаа. Түүнээс биш төр үнэ тогтоогоогүй. Цаашид дуудлага худалдааг аймаг, сум бүр дээр зохион байгуулж, гадаадын худалдан авагчдыг урьж, ноолуурын дуудлага худалдаанд оролцуулна” гэлээ.








