
Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны байгууллага (OECD)-аас 2012 оноос эхлэн дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны нээлт 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Тус аяныг Хадгаламжийн даатгалын корпораци, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриан дор зохион байгуулж, хүүхэд, залуучуудад чиглэсэн санхүүгийн боловсролын арга хэмжээнүүдийг 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал орон даяар хэрэгжүүлэх юм.
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны нээлтийн үйл ажиллагаанд 300 орчим хүүхэд, залуус оролцож, санхүүгээ хэрхэн оновчтой удирдах талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Нээлтийн арга хэмжээнд Монголбанкны Ерөнхийлөгч Ц.Наранцогт, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Т.Энхтайван, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Ариунболд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Хүрэлбаатар, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Нямдорж нар оролцож, хүүхэд, залууст өөрсдийн туршлага, мэдлэгээс хуваалцлаа.















