
Хотын даргаа нийслэлийн иргэд сонгодог болох асуудал яригдаж, цахим өргөдөлд гарын үсэг зурж байна. Тодруулбал, иргэн Монхорын Төртогтохын энэхүү санаачилгыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар /2026.01.16-ны 10.28 цаг/ petition.parliament.mn сайтаар дамжин 1783 хүн цахим өргөдлийг дэмжин гарын үсгээ зурсан байна. “D.parliament”-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэн тус саналыг дэмжвэл УИХ-аар хэлэлцэгдэх учиртай.

Энэхүү цахим өргөдлийг санаачлагч М.Төртогтох “Монгол улсын их хурлын тамгын газарт өргөдөл гаргах нь Монгол улсын иргэн Монхорын Төртогтох миний бие ӨРГӨДӨЛ Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын тал хувь орчим нь амьдарч, улсын эдийн засаг, нийгмийн гол ачааллыг үүрч байна. Гэвч ийм том хотын удирдлагыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгох эрх өнөөг хүртэл бүрдээгүй, хотын Захирагч улс төрийн томилгооны зарчмаар томилогдож ирсэн нь бодит үнэн юм. Сүүлийн жилүүдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Улсын Их Хуралд сонгогдсоны дараа шууд томилогдох жишиг тогтсон. Үүний үр дүнд хотын удирдлага нийслэлийн иргэдийн өмнө бус, парламентын болон намын улс төрийн нөлөөнд илүү хариуцлага хүлээдэг тогтолцоо бий болж, хотын бодлого тогтворгүй, богино хугацааны улс төрийн шийдвэр давамгайлах нөхцөл бүрдэж байна. Утаа, замын түгжрэл, газар зохион байгуулалт, авто зам, нийтийн тээвэр, ногоон бүс зэрэг нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх олон асуудал удаашралтай, бодлогын залгамж чанаргүй байгаагийн гол шалтгаан нь хотын удирдлагын энэ тогтолцоотой салшгүй холбоотой гэж үзэж байна. Нийслэлийн иргэд хотынхоо удирдлагыг өөрсдөө сонгож, хотын Захирагч иргэдийн өмнө шууд хариуцлага хүлээдэг, бодлогоо хамгаалж тайлагнадаг ардчилсан тогтолцоонд шилжих шаардлага бодитоор тулгарч байна. Иймд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” болон холбогдох сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэдийн шууд, чөлөөт, шударга сонгуулиар сонгодог эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай хуулийн төслийг санаачлах нь зүйтэй гэж үзэж байна. Энэхүү e-petition-ийг дэмжсэнээр нийслэлийн иргэд бид Улаанбаатар хотын засаглалыг илүү хариуцлагатай, ил тод, иргэдэд ойр болгох бодит өөрчлөлтийн эхлэлийг хамтдаа тавих юм” хэмээжээ.
Г.ХАЛИУН






