
Ираны нийслэл Тегеран болон бусад хотуудад инфляцын түвшин нэмэгдэж, ираны риалын ханш суларч буйг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнгөрсөн ням гарагт Тегеран хотын төвд байрлах Grand Bazaar захын худалдаачид ираны риалын ам.доллартой харьцах ханш түүхэн доод хэмжээнд хүрснийг эсэргүүцэж ажил хаялт зарлажээ.
Захын худалдаачдын ажил хаялтаас эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цуглаан Караж, Хамедан, Кешм, Малард, Исфахан, Керманшах, Шираз болон Язд хотуудад өрнөжээ.
Хууль сахиулагчид жагсаал цуглааныг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан тохиолдлууд бүртгэгдээд байгаа ба Ираны засгийн газар иргэдийн шаардлагыг тэвчээртэйгээр сонсоход бэлэн гэдгээ мэдэгджээ.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян Дотоод хэргийн сайддаа жагсаагчдын төлөөлөлтэй уулзаж, асуудлын шийдлийг боловсруулахыг үүрэг болгохын зэрэгцээ Ираны Төв банкны ерөнхийлөгч Мохаммедреза Фарзины огцрох хүсэлтийг хүлээн авч, түүний оронд Сангийн сайд асан Абдулнассер Хемматиг томилжээ.
Эсэргүүцлийн жагсаалд оюутнууд мөн нэгдээд байгаа ба жагсагчид Ираны шашны тэргүүн Аяатолла Али Хаменейг дарангуйлагч хэмээн цоллож, эрх мэдлээ өгөхийг шаардахын зэрэгцээ 1979 онд Ираны хааны суудлаас буусан Мохаммед Реза Пахлавигийн хүү, Ираны сөрөг хүчний улстөрч Реза Пахлавиг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа аж.
АНУ-д амьдарч буй Реза Пахлави нийгмийн сүлжээгээр дамжуулан Ираны ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааныг дэмжиж буйгаа илэрхийлэн, Ираны одоогийн эрх баригчид байгаа цагт эх орных нь эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй гэдгийг онцолжээ.
Түүнчлэн АНУ-ын Төрийн департаментын зүгээс нийгмийн сүлжээнд Ираны ард иргэд илүү сайн сайхан ирээдүйн төлөө эр зоригтойгоор эрх баригчдаа эсэргүүцэн жагсаж буйг дэмжиж байгаагаа илэрхийлсэн пост хийсэн байна.
Эх сурвалж: bbc.com






