
Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто өнгөрсөн 1-р сард хүүхдүүдийн дундах шим тэжээлийн дутагдал болон өсөлт хөгжлийн хоцрогдолтой тэмцэх зорилгоор сурагчдыг үнэгүй үдийн цайгаар хангах хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхээр болсноо зарлаж байсан билээ.
Цэцэрлэг сургуулийн хүүхдүүд, жирэмсэн болон амаржаад удаагүй ээжүүдийг үнэгүй үдийн цайгаар хангах хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш олон мянган хүүхдүүд хоолны хордлого болж, нийгмийн сүлжээнд үдийн цайнд өгч буй хоолноос өт, шилний хэлтэрхий гарсан, үдийн хоолны савыг бохир усанд угаадаг тухай бухимдсан эцэг эхчүүдийн постууд ар араасаа хөврөх болжээ.
Индонезийн Боловсролын Хяналтын Сүлжээ буюу NGO байгууллагын тооцоолсноор үнэгүй үдийн цайны хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Индонез даяар үдийн цайнаас хордсон 15 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.
Өнгөрсөн 9-р сард л гэхэд зөвхөн Баруун Жава мужид 1300 гаруй хүүхэд хоолны хордлого болжээ.
Ерөнхийлөгч Прабово Субианто үдийн цайны хөтөлбөрийнх нь ачаар хичээл таслалт буурч, сурагчдын сурлага сайжирсныг онцолж, тус хөтөлбөрийн хүрээнд 1 тэрбум гаруй хоол тараагдсанаас 0.0017 хувьд нь л хоолны хордлого бүртгэгдсэн гэжээ.
Түүнээс гадна өнгөрсөн 7 хоногт Индонезийн төрийн тэргүүн эрүүл ахуйн шаардлагыг чангатгаж, үдийн цай бэлтгэх газруудын тоог нэмэгдүүлснээр хүнсний аюулгүй байдлыг сайжруулах тухай тогтоол гаргажээ.
Хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн хоолны хордлогын тохиолдлуудыг шалгахад үдийн цай бэлтгэх төвүүд хоол хүнсийг буруу хадгалсан, ариун цэврийн шаардлага хангаагүй, бэлэн болсон хоолыг оройтож хүргэсэн зэрэг шалтгаанаас болж хүүхдүүд хоолны хордлого болсон байжээ.
Эх сурвалж: The Guardian






