
Багш, эмч нар цалингаа 3.5 сая, ахмадууд тэтгэврээ 1.5 сая төгрөг болгуулахыг шаардан жагсаж, зарим нь бүр ажил хаяж байна. Цалин, тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотойгоор инфляц өсөж, мөнгө үнэгүйдэн цаас болох уу, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх үү гэдгийг эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас тодрууллаа.
-Багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэврийг нэмбэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх үү?
-Багш, эмч нарын цалинг нэмэхэд шаардлагатай мөнгөний хэмжээ нэлээн өндөр. Хувь эдийн засагчийн маань байр суурь багш, эмч нарын цалинг нэмэх нь зүйтэй. Учир нь энэ хоёр салбар Монгол Улсын ирээдүйг тодорхойлох суурь салбар. Боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжих ёстой. Гэхдээ нэмэхдээ яаж нэмэх вэ гэдгээс хамаарна. 3.5 сая руу шууд хүргэх эдийн засгийн боломж өнөөдрийн төсвийн орлогын төлөвлөлтийн байдлаас харахад хязгаарлагдмал. Хоёрдугаарт үе шаттай нэмснээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд ирэх дарамтыг харьцангуй саармагжуулна. Энэ утгаараа үе шатлалтайгаар нэмэх хувилбар нь харьцангуй зөв хувилбар юм уу гэж харж байгаа.
-Багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийг огцом нэмэх нь манай эдийн засагт ямар, ямар хор уршигтай вэ?
-Засгийн газраас “боож” оруулж ирсэн төсвийн зарлагын хэмжээ 33 орчим их наяд. Энэ зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр л багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэх боломж арга замыг эрэлхийлэх ёстой. Бусад урсгал зардлуудаасаа танах боломжийг л эрэлхийлэх ёстой гэсэн үг. Тэгэхгүйгээр гэнэт нэмэх юм бол эдийн засагтаа ч тэр, цалин, тэтгэврээ нэмэгдүүлсэн гэж байгаа салбарынхандаа ч тэр сайн зүйл болохгүй.
Хэрэв төсвийн зардлыг өсгөх замаар цалин, тэтгэврийн нэмэгдлийг шийдвэл улсын өр зээл нэмэгдэж, инфляц өснө. Хоёрдугаарт, уул уурхайн салбараас орж ирсэн орлогод дулдуйдан бид энэхүү бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Гэтэл нөгөө талд нь боловсрол, эрүүл мэндээс гадна бусад салбаруудын бүтээмж нэмээгүй тохиолдолд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх нь өөрөө сайн зүйл биш. Эрүүл мэнд, боловсролын салбарын цалин бага байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нэмэх шаардлагатай гэдгийг дэмжиж байгаа боловч төсвийн зардлаа нэмэх замаар шийдвэл буруу бодлого болно гэж харж байгаа.






