
ТББХ-ны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Энхцэцэг үг хэллээ. Тэрбээр “Хэлэх үг олдохгүй байна. Уг нь зүгээр л нэг намын даргын сонгууль болсон. Намын бага хурлын 400 гаруй гишүүн бүтэн 22 цаг хуралдаж, намын даргаа сонгосон. Гэтэл нэр дэвшигч нь “Намайг дарга болгоогүй” гэж уурлан, төр засгийн ажлыг хэрхэн гацааж болдгийг, төрийн түшээдээс эхлээд иргэдийг хэрхэн айлгаж, бухимдуулж болдгийг бодитоор харуулсан өдрүүд боллоо.
Сонгуулиас хойш нэг ч өдөр тайван өнгөрсөнгүй. Хууль бус хүн засаглах нь ямар аюултай, парламентын засаглал ямар чухал, ардчилал ямар үнэ цэнтэй болохыг ухааруулсан үе байлаа.
126 гишүүнтэй УИХ-тай болсон нь том давуу тал юм. Бид барьцаалагдаагүй, нэр цэвэр, олон гишүүнтэй парламенттай болсон нь өнөөдрийн нөхцөлд үнэ цэнээ илүү тод харуулж байна.
Эмх замбараагүй байдал, хууль дүрэм үл хүндэлсэн нөхцөл байдал есдүгээр сарын 27-ноос хойш гурван долоо хоног үргэлжилж байна. Энэ бүхэн хэтэрсэн хэрэг.
Хууль үнэхээр үйлчилдэг бол төрийн тогтворгүй байдал үүсгэсэн, парламентын бүрэн эрхэд халдсан, олон нийтийг айлгаж бухимдуулсан үйлдэлд хариуцлага тооцох ёстой. Харамсалтай байна” гэв.






