
Филиппиний эрх баригчид үерийн гамшигтай тэмцэх дэд бүтцийн төслүүдэд төсөвлөсөн олон тэрбум ам.долларыг шамшигдуулсан нь ил болсонтой холбоотойгоор өнгөрсөн ням гарагт Филиппиний нийслэл Манила болон бусад хотуудад олон арван мянган иргэд авлигын эсрэг жагсаалд нэгджээ.
Манила хотод л гэхэд 50 мянга гаруй иргэд жагсаалд нэгдэж, авлига авч, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан этгээдүүдэд хариуцлага тооцож, үерийн гамшгаас хамгаалах дэд бүтцийн төслүүдтэй холбоотой бүх баримт бичгийг ил тод болгохыг шаарджээ.
Филиппиний хууль тогтоогчид үерийн гамшгаас хамгаалах дэд бүтцийн төслийг гүйцэтгэх компаниудыг шалгаруулахдаа авлига авч, зарим компаниудад давуу тал олгож, тэдгээр компаниуд нь үерийн гамшгаас хамгаалах чухал ач холбогдол бүхий бүтээн байгуулалтуудыг гүйцэтгээгүйгээс Филиппин улсын эдийн засаг сүүлийн 2 жилд ойролцоогоор 2 тэрбум ам.долларын алдагдалд орсон нь ил болсон нь олон нийтийн уур бухимдлыг төрүүлсэн юм.
Greenpeace байгууллагын тооцооллоор Филиппин улсын эрх баригчид уур амьсгалтай холбоотой төслүүдээс 17 тэрбум гаруй ам.долларыг идсэн аж.
Тус улсын нутаг дэвсгэр жилд дунджаар 20 удаа халуун орны хуй салхинд өртдөг ба байгалийн гамшигт хамгийн ихээр өртдөг орнуудын нэг юм. Өнгөрсөн 7-р сард л гэхэд олон сая филиппинчүүд үер усны гамшигт өртсөн билээ.
Авлигын эсрэг жагсаал цуглаануудын дийлэнх нь тайван болж өнгөрсөн ч жагсаалын үеэр цагдаа нар 72 хүнийг баривчилжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жүниор үерийн гамшгаас хамгаалах дэд бүтцийн төслүүдтэй холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах хараат бус зөвлөлийг байгуулснаа мэдэгдсэн байна.
Түүнчлэн Филиппиний парламентын сонсголоор нэгэн барилгын компанийн захирал хэдэн арван хууль тогтоогчдыг авлига авсан хэрэгт буруутгажээ.
Эх сурвалж: The Guardian






