
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Канадын Ерөнхий сайд Марк Карни, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез нар Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч буйгаа албан ёсоор мэдэгджээ.
Ерөнхий сайд Кир Стармерын мэдэгдсэнээр Их Британийн засгийн газар Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр бүс нутагт, энх тайван, тогтвортой байдал тогтож, Израил, Палестин хоёр улс зэрэгцэн орших боломжтой болно гэж найдаж байгаа аж. Тэрээр энэхүү шийдвэр нь ХАМАС бүлэглэлд барьж буй бэлэг биш гэдгмйг онцолж, Палестины тусгаар улсын засгийн газар болон Палестин улсын аюулгүй байдал зэрэг нь ХАМАС бүлэглэлээс ангид байх болно хэмээн ойрын хугацаанд Лондон ХАМАС бүлэглэлийн удирдагчдын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна гэжээ.
Ерөнхий сайд Кир Стармер, “75 гаруй жилийн өмнө бид Израилыг еврейчүүдийн эх орон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин өнөөдөр бид Палестины тусгаар тогтнолыг дэмжсэн 150 гаруй орнуудын эгнээнд нэгдэж байна.” хэмээн мэдэгджээ.
Канадын Ерөнхий сайд Марк Карни өөрийн мэдэгдэлдээ Израилын засгийн газар Йорданы Баруун эрэгт хяналтаа тасралтгүй өргөжүүлэх бодлого баримталж, Газын зурваст халдсаар ирсэн нь олон арван мянган энгийн иргэдийн аминд хүрч, хүн амыг нь өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэж байгаа учраас Оттава Палестин улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Палестин болон Израилд энхийг тогтоох үйлсэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ онцолжээ.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез, Гадаад харилцааны сайд Пенни Вонг нар Палестины ард түмний тусгаар тогтносон улстай болох хууль ёсны бөгөөд олон жилийн хүсэл тэмүүллийг хүндэлж буйгаа илэрхийлж, Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэр нь хоёр улсын асуудлыг шийдвэрлэхийг зорьж буй олон улсын хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэжээ.
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Палестины тусгаар тогтнолыг дэмжиж буй улс орнуудын удирдагчид терроризмыг хөхүүлэн дэмжиж байна хэмээн буруушааж, Палестин улс хэрхэвч Йорданы Баруун эрэгт байгуулагдахгүй гэжээ.
Палестины тусгаар тогтнолыг өнөөдрийн байдлаар НҮБ-ын гишүүн 193 орны 75 хувь нь дэмжиж байгаа ба хамгийн сүүлд 2024 оны 5-р сард Норвег, Ирланд, Испани зэрэг 3 улс, түүний араас “Их-7”-гийн гишүүн Франц, Их Британи улс Палестины тусгаар тогтнолыг дэмжихээ мэдэгдсэн билээ. АНУ болон Израил, Европын зарим орнууд, Америкийн ойрын түнш Япон, БНСУ зэрэг орнууд Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа юм.
Эх сурвалж: BBC






