
Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тусгай мэргэшлээр ажилладаг гадаадын иргэдэд олгодог H-1B виз шинээр хүсэгчдээс авдаг хураамжийг нэмэгдүүлж, 100 мянган ам.доллар болгох тухай захирамж гаргажээ.
Энэхүү шийдвэр нь Д. Трампын цагаачлалын бодлогын нэг хэсэг
Үүнтэй холбоотойгоор Америкийн технологийн томоохон компаниуд H-1B визтэй ажилчдаа АНУ-аас гарахгүй байх, өөр улсад байгаа ажилчдаа даруй АНУ-д буцаж ирэхийг зөвлөжээ.
Америкийн технологийн том компаниуд голчлон Энэтхэг болон Хятадаас өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг ажилд авдаг ба Америкт түр оршин сууж, ажиллах эрхтэй H-1B виз хүсэгчдийн 70 гаруй хувийг Энэтхэгийн мэргэшсэн ажилчид эзэлдэг аж.
Энэтхэгийн программ хангамж, үйлчилгээний компаниудын холбоо H-1B визийн хөтөлбөрт гэнэт огцом өөрчлөлт оруулсан нь бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд болон оюутнуудын дунд тодорхойгүй байдал үүсгэж байгаа тухай онцолсон бол тус улсын Худалдааны сайд Пиюуш Гойал ирэх даваа гарагт АНУ-д айлчилж, импортын гаалийн татвар болон бусад асуудлаар Америкийн эрх баригчидтай уулзахаар төлөвлөжээ.
H-1B виз нь Америкийн компаниудад гадаадын тусгай мэргэшсэн, өндөр ур чадвартай, туршлагатай ажилтнуудыг түр хугацаагаар ажилд авах боломжоор хангадаг ба зөвхөн 2024 онд Вашингтон 400 мянган гадаадын иргэнд H-1B виз олгожээ.
2025 оны эхний хагаст зөвхөн Amazon компани л гэхэд H-1B визтэй 10 044 иргэнийг ажилд авсан байна.
Үүнээс гадна Ерөнхийлөгч Д. Трамп АНУ-д 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэдэд АНУ-д оршин суух эрхтэй Trump Gold Card виз, 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн иргэдэд Trump Platinum Card виз олгох тухай захирамж гаргасан байна.
АНУ-ын визийн хөтөлбөрт оруулж буй дээрх өөрчлөлтүүд нь Д. Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй цагаачлалын бодлогын нэг хэсэг юм.
Эх сурвалж: BBC






