
Балбад залуус Facebook, TikTok зэрэг нийгмийн сүлжээнүүдийг хориглох шийдвэрийг эсэргүүцэн жагсжээ
Өнгөрсөн даваа гарагт Балбын Катманду, Покхар зэрэг томоохон хотуудад залуус Балбын эрх баригчдын Facebook, TikTok, Instagram, YouTube зэрэг 20 гаруй нийгмийн сүлжээг хориглох шийдвэрийг эсэргүүцэн жагсжээ.
Жагсаалын үеэр цагдаа нар болон жагсагчид хооронд гарсан мөргөлдөөний улмаас багадаа 19 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархадсан байна.
Жагсаалыг зохион байгуулагчид уг жагсаал хөдөлгөөнөө Балбын шинэ үеийнхний буюу Жен Зи үеийнхний жагсаал хэмээн нэрийдэж, залуус зөвхөн нийгмийн сүлжээг хориглох шийдвэрийн эсрэг бус Балбын засгийн газрын авторитар хандлага, улс төр дэх авлига хээл хахуулийн эсрэг жагсаж байгаа гэжээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр Катманду хотод жагсагчид парламентын ордны хашааг давж, ордон руу дайран орохыг оролдсоноос гадна түргэн тусламжийн машиныг шатааж, цагдаагийн албан хаагчид руу гарт тааралдсан болгоноо шидэж байсан аж. Нөгөө талаас цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу зэргийг ашиглажээ.
Reuters агентлагийн мэдээлснээр Катманду хотын удирдлагууд цагдаа нарт жагсагчдын эсрэг даралттай ус шүршигч, бороохой, резинэн сумтай буу ашиглахыг үүрэг болгосноос гадна Балбын эрх баригчид цагдаа нарт хүч нэмэхээр Катманду руу зэвсэгт хүчнийхнийг илгээжээ. Түүнчлэн жагсаал цуглаан өрнөсөн парламентын ордны ойролцоох гудамж талбайд хөл хорио тогтоогоод байна.
Балбын засгийн газар тус улсад үйл ажиллагаа явуулж буй нийгмийн сүлжээнүүд нь худал мэдээ мэдээлэл, цахим луйвартай тэмцэх агентлагуудад зохих ёсоор бүртгүүлээгүй учраас тэдгээр нийгмийн сүлжээнүүдийг хориглохоор шийдвэрлэсэн хэмээн тайлбарлаж байгаа аж.






