
БНСУ-д 4 дэх өдрөө дараалан тасралтгүй аадар бороо орж байгаатай холбоотойгоор 3000 орчим иргэн гэр орноосоо дүрвэхэд хүрчээ.
Зарим бүс нутгуудад даваа гараг хүртэл орох төлөвтэй байгаа аадар бороо нь хөрсний нуралт, үер усны аюул дагуулж болзошгүй учраас иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.
Бямба гарагийн өглөөний 6 цагийн байдлаар 2816 хүн гэр орноосоо дүрвэсэн байдалтай байгаа ба БНСУ-ын эрх баригчид нийт 7000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Түүнчлэн өнгөрсөн лхагва гарагаас хойш тасралтгүй орж байгаа аадар борооны улмаас 4 хүн амь үрэгдэж, 2 хүн сураггүй алга болжээ.
Өмнөд Чүнчон мужийн Сосань хотод 500 гаруй мм хур тунадас орж, үерийн усанд 641 байшин барилга, 388 зам, 59 ферм автсан байна.
Хөрш Хойд Солонгост энэ ням гарагаас ирэх мягмар гараг хүртэл дунджаар 150-200 мм хур тунадас, зарим газраа 300 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: The Guardian






