
Японы хойд зүгийн Хоккайдо мужид өнгөрсөн бямба гарагт хүрэн баавгай 52 настай эрэгтэй рүү дайрч, аминд нь хүрчээ. Хууль сахиулагчдын мэдээлснээр амиа алдсан эрэгтэй нь сонин тараах ажил эрхэлдэг нэгэн бөгөөд хэрэг явдал Фүкүшима хотын Митаке дүүрэгт шөнийн 3 цагийн үед болжээ.
Өнгөрсөн ням гарагт орон нутгийн удирдлагууд иргэдийг хүрэн баавгайн хөдөлгөөн бүртгэгдсэн уулын бүсэд оруулахгүйн тулд хааш хаашаа 600 м радиуст анхааруулах тэмдэг тэмдэглэгээг байршуулж, хашлага босгожээ.
Фүкүшима хотод цагдаа нар 24 цагийн турш эргүүл хийж байгаа ба бага болон дунд сургуулийн сурагчдыг энэ даваа гарагаас эхлэн эцэг эхчүүд нь сургуульд нь машинаар эсвэл автобусаар хүргэж өгч эхэлжээ. Биеийн тамирын хичээл гадаа орохгүй байгаа ба гадаа болох үйл ажиллагаануудыг цуцалжээ.
Хоккайдо Судалгааны байгууллагын мэргэжилтнүүд баавгайн байршлыг тодорхойлохын тулд энэ даваа гарагаас баавгайн үс, шүлс зэрэг өөр бусад ул мөрийг нь олж тогтоох ажлаа эхлүүлэх аж.
Орон нутгийн удирдлагууд иргэдийг хогоо гадагш гаргаж тавихгүй байх, хүрэн баавгайн идэвхтэй цагууд болох өглөө эрт болон оройн цагаар сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: NHK World






