
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Хойд Солонгост хийж буй 3 өдрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзжээ. Хойд Солонгосын KCNA агентлагийн мэдээлснээр уулзалт халуун дулаан, нөхөрсөг уур амьсгалд болж өнгөрсөн байна.
Уулзалтын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун С. Лавровт, “Украины хямралын үндэс суурийг шийдвэрлэх тал дээр ОХУ-ын эрх баригчдын авч буй бүх арга хэмжээг Пхеньян ямар ч нөхцөлгүйгээр, бүрэн дүүрэн дэмжинэ.” гэдгээ илэрхийлжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун С. Лавровыг шинээр нээгдээд удаагүй байгаа аялал жуулчлалын Вонсан Калма бүсэд хүлээн авсан ба С. Лавров уг амралтын газар дотооддоо төдийгүй оросуудын дунд алдартай болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. С. Лавровын Хойд Солонгост хийж буй айлчлалын өмнөхөн ОХУ хоёр улсын нийслэл хооронд долоо хоногт 2 нислэг үйлдэх болсныг зарласан юм.
Түүнээс гадна ОХУ-ын Гадаад харилцааны сайд С. Лавров АНУ, БНСУ болон Япон улсын зэвсэгт хүчнүүд Хойд Солонгосын эсрэг хамтран ажиллах явдлыг буруушааж буйгаа илэрхийлсэн байна.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын зэвсэгт хүчний болон улс төрийн харилцаа гүнзгийрсэн явдалд Сөүл болон Вашингтон сэтгэл дундуур байгаа билээ. Барууны орнууд ОХУ, Хойд Солонгос хоёр улсын харилцаа гүнзгийрснээр Москва Пхеньяныг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө сайжруулахад шаардлагатай техник технологиор хангаж байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Үүний хариуд С. Лавров, “Хойд Солонгосын ашиглаж буй технологиуд нь тус улсын эрдэмтдийн хөдөлмөрийн үр шим юм. Хойд Солонгосын хүсэл эрмэлзлийг бид хүндэлж, цөмийн зэвсэг хөгжүүлэх болсон шалтгаануудыг нь ойлгож байна.” гэжээ.
Эх сурвалж: The Guardian






