
Европын орнуудад ирэх өдрүүдэд агаарын хэм цельсийн +40 хэмийг давах төлөвтэй байна. Испанийн цаг уурын алба тус улсын өмнөд зүгийн бүс нутгуудад агаарын хэм +42 хэмд хүрэх төлөвтэй байгаа тухай мэдээлж, агаарын хэм өдрийн цагаар төдийгүй шөнө ч өндөр хэвээр байх тул сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Испанийн Эрүүл мэндийн яам иргэдийг шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байх, шингэн юм сайн уух, хөгшид, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй хүмүүст онцгой анхаарал хандуулахыг зөвлөжээ.
Португал улсын эрх баригчид тус улсын 2/3 нь хэт халалтад өртөж, нийслэл Лиссабон хотод агаарын хэм цельсийн +42 хэмд хүрэх төлөвтэй байгааг анхааруулжээ.
Францын хоёр дахь том хот Марсельд агаарын хэм +40 хүрэх төлөвтэй байгаатай холбоотойгоор тус хотын удирдлагууд нийтийн усан сангуудыг үнэгүй болгосон байна.
Италийн Неаполь, Палермо, Сицили хотуудад агаарын хэм +39 хэмд хүрэх төлөвтэй байгаа ба үүнтэй холбоотойгоор иргэдийг өдрийн оргил халуунд гадаа ажиллахыг хоригложээ.
Грекийн нийслэл Афин хотоос өмнө зүгт хэт халалтын улмаас ой хээрийн томоохон түймэр дэгдэж, жуулчдын ихээр очдог Посейдон бурхны сүм байрлах Сунион хотыг Афинтай холбох авто замыг хааж, иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хар салхи, ган гачиг, хэт халалт зэрэг цаг агаарын ноцтой үзэгдлүүдийн давтамж ойртож, илүү эрчимтэй болоод байгаа билээ.
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болж, байгалийн гамшиг, цаг агаарын ноцтой үзэгдлүүд нь 300 тэрбум ам.долларын хохирлыг учруулсан юм.
The Lancet Public Health сэтгүүлд бичсэнээр энэ зууны сүүл гэхэд Европт хэт халалтын улмаас нас барах иргэдийн тоо 3 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ба Итали, Грек, Испанид энэ үзүүлэлт хурдацтай өсөх аж.
Эрдэмтэд дэлхийн агаарын дундаж хэм аж үйлдвэрийн хувьсгалаас өмнөх үеийнхээс 3 хэмээр нэмэгдэхэд хэт халалтын үзэгдлээс болж жилдээ дунджаар 129 мянга хүн нас барна гэж тооцож байгаа ба өнөөдрийн байдлаар зөвхөн Европт хэт халалтын улмаас 44 мянган хүн нас бараад байна.
Эх сурвал: The Guardian