
Бурхан багшийн Их Дүйчин өдөр 6 дугаар сарын 11-нд буюу энэ лхагва гаригт тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдрийг зуны тэргүүн сарын 15-нд тэмдэглэхээр болж, хуульчилснаар бүх нийтээр амардаг болсон.
Энэхүү өдрийг энэ жил “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэх өдөр болгон тэмдэглэх ба орон даяар хурал ном, сургалт, урлаг соёлын олон талт үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. Мөн төв талбайд жилд нэг удаа үйлддэг Эзэн богд Чингис хааны сэрэг дүрд хүндэтгэл үзүүлэх “Эзэн сан” хурах үйл ажиллагаа болохоос гадна “What happens today” залуучуудын урлаг, соёлын хөтөлбөр “Баярын жагсаал, бясалгал” болно .
Жил бүр Монголчууд Бурхан багшийн Их Дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны бэлэгт сайн өдөр буян номын үйлийг ихээр дэлгэрүүлэн, сүсэгтэн олныг хамтруулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн сүм хийдүүд, төрийн бус болон сайн дурын байгууллагын оролцоотой дор бүрнээ өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн. 2013 оноос эхлэн бурхны шашныг дэлгэрүүлэгч, дэмжигч, байгууллага, клуб, иргэдийн санаачилгаар Бурханы шашинтны наадам болгон зарлаж Гандантэгчэнлин хийд дээр төвлөрөн уламжлалт үйл ажиллагаанаас гадна хийдийг тойрон гороолох парад буюу жагсаал, хүүхэд залууст зориулсан жүжигчилсэн тоглолт зэрэг залуусыг хамарсан орчин үеийн чиг хандлагатай үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн билээ.
Энэ өдөр бол Бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой.